2019-12-03

ОХУ: Том автобус осолдож, 20 орчим зорчигч амиа алджээ!

bus-osoldloo
Том автобус осолдож, 20 орчим зорчигч амиа алджээ!

ОХУ-ын Алс Дорнодод 40 гаруй зорчигчийг тээвэрлэж явсан автобус осолдож, 20 орчим хүн амиа алдсан таагүй үйл явдал болжээ. Энэхүү автобус өндөр гүүрэн дээрээс унасны улмаас ийнхүү олон хүн амь насаараа хохирсон байна.

Ослын шалтгаан нь зорчигч тээврийн автобусны дугуй буудсаны улмаас жолоодлого алдагдаж, гүүрэн дээрээс унасан гэж үзэж байгаа аж. Автобус 6 метрийн өндөр дээрээс унахдаа дөрвөн дугуй нь дээшээ харсан байна.

Ослын улмаас 19 хүн амиа алдсанаас гадна 20 гаруй хүн бэртэж гэмтжээ. Энэ ослын үеэр эсэн мэнд гарсан зорчигчдыг яаралтай аврахгүй бол голын мөс цуурч, автобус зорчигчдын хамт ус уруу живэх аюул давхар нүүрлээд байсан юм.

Оросын хэвлэлүүд энэхүү автобус Чита хотоос Өвөр Байгалын хязгаарын Сретенск хот уруу зорчиж байсан хэмээн мэдээлж байна. Осолдсон автобуснаас зорчигчдыг гаргах аврах ажиллагааг явуулахаар эмнэлгийн түргэн тусламж болон галын машинууд ослын газарт очжээ.

Аврах ажиллагааг яаралтай явуулсны үр дүнд амьд үлдсэн бүх зорчигчдыг автобуснаас гаргаж чадсан гэдгийг орон нутгийн хэвлэлүүд онцолж байна. Энэ ослыг шалтгааныг нарийвчлан тогтоох мөрдөн шалгалтын ажил эхэлжээ.