2020-08-31

Эгчийгээ эмнэлэгт хүргэж ирсэн долоон настай хүү

Энэ бяцхан хүүг Зао Вэнан гэдэг бөгөөд бөөрний өвчтэй эгчийгээ эмнэлэгт хүргэж өгч буй сэтгэл хөдөлгөм зургууд интернэтээр маш хурдан тархаж, олон сая хүмүүсийн анхаарлыг татаад байна. Тэр долоохон настай хэдий ч түүний эгчийгээ хайрлах сэтгэл үнэхээр гайхалтай гэдгийг эмнэлгийн ажилчид хэлсэн байна.

Учир нь Зао эгчийгээ эмнэлэгт хүргэгдэн ирж, эмчилгээний тасаг руу шилжтэл, эгчээсээ алхам ч холдолгүй цуг байж, сэтгэлийн дэм өгч байсан гэнэ. Эдгээр зургууд интернэтээр цацагдсан даруйдаа маш олон хандалтыг авч хүмүүс түүний эгчийг хурдан эдгэрээрэй гэж залбирцгааж байна. Хүүгийн эгч төрөлхийн бөөрний дутагдалтай тул, жирийн хүүхдүүдийн адил гүйж, харайн чөлөөтэй тоглож чаддаггүй байна. Тиймдээ ч хүүд өвчтэй эгчийгээ харахаас өөр сонголт үлдээгүй юм. Жаахан биендээ томдсон их ачаа үүрсэн хүү, энэ өдөр эгчтэйгээ хамт зугаалж явсан ч, ийн эмнэлэгт хүргэгдэн иржээ.

Охины биеийн байдал хүнд байгаа нь эмнэлэгт орж ирэхэд л тодорхой байв. Учир нь түүний нулимс хацар руу нь даган урсаж, чимээгүйхэн мэгшин уйлсаар байсныг зурагчны дурангаас харж болно. Хүү эгчийнхээ хажуунаас алхам ч холдохгүйн дээр, “Эгчээ, битгий уйлаарай. Би таны хажуунаас холдохгүй, эндээ л байж байна.” хэмээн амандаа бувтнасаар байв. Хүүгийн нүднээс эгчийнхээ гэх чин сэтгэл, хайр мэдрэгдсэн нь эмнэлгийн ажилчдын сэтгэлийг эрхгүй хөдөлгөжээ.

Зурагчны сэтгэлийг хамгаас их хөдөлгөсөн явдал бол түүний эгчийгээ үнсэж, тайвшруулж байгаа явдал байв. Тиймээс ч “China Daily” агентлагийн зурагчин, сурвалжлага хийж явах үедээ, ийн эгч дүүсийн сэтгэл хөдөлгөм агшныг камертаа буулгаж, өдгөө олон сая хүмүүсийн сэтгэлийн нарийн утсыг хөндөж чадсан билээ.

Тус мэдээлэл цахим ертөнцөд тавигдсан даруйдаа олон мянган хүнээс эерэг сэтгэгдлийг авсан хэдий ч, нөгөөтэйгүүр түүний ийм жаахан хэрнээ, эгчийгээ гэх агуу сэтгэлтэй, хирсүү, амьдралтай эрт танилцсан байдал нь хүмүүст эрхгүй харуусал төрүүлж байсныг нуух юун.

TAGS: