Даваа гараг гэхээр л дургүй хүрч, ахиад нэг амралтын өдөр байсан ч болоосой хэмээн хүсэх явдал бишгүй тохиолддог. Хангалттай амарч биеэ бэлдэж чадаагүй, гэр орон хувцас хунараа эмхэлж чадаагүй гэх мэт олон шалтаг шалтгаан үүнд нөлөөлдөг. Эдгээрийг сайн харвал, шинэ долоо хоногийн эхлэлийг үзэн ядах хандлага ерөөсөө л бэлтгэл муутай байгаагаас ихэвчлэн болдог мэт. Тиймээс, та бүхэнд даваа гарагийн ачаагаа хөнгөлөхөд туслахаар энэхүү нийтлэлийг хүргэж байна.
1. ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН ЗҮЙЛСЭЭ ЦЭГНЭХ
Та хийх ёстой зүйлсээ дэвтэр, апп, самбар юун дээр ч хөтөлдөг бай, тэмэдэглэл ямар нэгэн байдлаар таныг илэрхийлж байдаг. Та хөдөлбөл тэр хөдөлдөг, та залхуурвал тэр хэвэндээ байсаар л байна. Хэрвээ ажлаа амжилттай дуусгаж чадаж байгаа бол таны жагсаалт өдрөөс өдөрт улам л өргөжиж томорсоор л байх юм.
Тиймээс та дараагийн долоо хоногт ямар зүйлс хийх хэрэгтэйгээ мэдмээр байвал эхлээд тэдгээр зүйлс “хаана явааг” харах шаардлагатай юм. Өнгөрсөн долоо хоногийнхоо жагсаалтаа өмнөө гаргаж тавьж байгаад, алийг нь хийсэн, алийг нь хийж чадаагүйгээ сайн хараарай. Үүний дараагаар яагаад заримыг нь хийж чадаад, заримыг нь чадаагүйгээ өөрөөсөө асууж дүгнэлт хийх хэрэгтэй.
Хэрвээ таны жагсаалтад хэдэн долоо хоногийн турш нэг зүйл байсаар л байвал та түүнийг нэг бол тэр чигт нь хаях, эсвэл бусад бүх зүйлсээс дээгүүр тавьж юу ч болсон дуусгах нь зүйтэй.
Энэ маягаар өөрийн юу хийж байгааг сайтар дүгнэж эргэцүүлэх нь урт хугацаанд өөрийгөө танин мэдэж, түүндээ суурилан хөгжихөд чухал нөлөөтэй.
2. ХИЙХ ЗҮЙЛСЭЭ АНГИЛЖ БАЙХ
Өөрийгөө хөгжүүлэх номуудаараа алдартай Тони Роббинсийн нэгэн энгийн бөгөөд нэн тустай дүрэм байдаг. Ерөөсөө л хийх зүйлсээ ямар нэгэн ангилалд оруулж байх. Ажил дээр амжуулах, завтай үедээ сонирхож хийх гэх мэтээр ангилна гэсэн үг.
Яагаад заавал ангилах гэж? хэмээн та гайхах байх. Нэгт, өөрийн хийх зүйлсийг хараад яаж хийнэ ээ гэсэн бодол хүн бүрт байнга л төрж байдаг. Тэгвэл ажлаа ангилаад хуваачихсан байвал ингэж сүрдэх нь хамаагүй багасдагаас гадна цэгцтэй ч байдаг. Хоёрт, холбогдолгүй олон зүйлсийн хооронд хөрвөж ажиллах нь бүтээмжийг бууруулдаг. Хэрвээ таны ажиллаж буй төсөл дээр хийх ёстой 3 зүйл байвал түүнийгээ дуусгачихаад дараагийн ангилал руу шилжвэл олон ажлыг солбиж байснаас хавьгүй үр дүнтэй байх болно.
3. УРЬДЧИЛАН ХИЙХ БОЛОМЖТОЙ ЗҮЙЛСЭЭ ЗААВАЛ ХИЙ
Үүний хамгийн энгийн жишээ бол хувцсаа бэлдэх юм. Хэдийгээр нэг их чухал биш ч гэлээ маргааш босоод толгойгоо ажиллуулах ёстой зүйлсийн нэг эргэлзээгүй мөн билээ. Сонирхуулахад, Стив Жобс болон Марк Зюкерберг нар нэг хувцсаа байнга өмсдөг байсан нь үүнтэй холбоотой. Өдөр бүр бидэнд ямар хоол идэхээс авхуулаад асар олон шийдвэр гаргах шаардлага тулгардаг. Хэдий бяцхан ч гэсэн нэг шийдвэр дараагийн шийдвэр гаргах чадамжид нөлөөлдөг аж. Тиймээс аль болох олон зөв шийдвэр гаргахын тулд эдгээр хүмүүс гаргах шийдвэрийнхээ тоог цөөлдөг байна.
Ямар нэгэн зүйлийг урьдчилан хийх нь бидэнд эрх чөлөө олгодог. Учир нь та наад захын зүйлсээ мартсан билүү? Тэрийгээ авсан билүү? хэмээн бодохын оронд энэ долоо хоногт юун дээр илүү анхаарах билээ гэх мэтээр илүү үр ашигтай зүйлсийг бодож эргэцүүлэх боломжтой болдог.
4. ГАДАГШАА БИШ ДОТОГШОО ХӨРӨНГӨ ОРУУЛ
Амралтын өдрүүд, ялангуяа ням гараг бол гадагшаа биш дотогшоо анхаарлаа хандуулах ёстой өдөр юм. Яагаад гэвэл бусад бүх өдрүүдэд та гараасаа ямар нэгэн зүйлийг гадагшаа гаргаж байдаг. Ажил дээр очих, компьютерээ асаах, хуралд суухаас эхлээд дандаа л таны зүгээс үр дүн хүлээгдэж байдаг.
Тиймээс үүнд өөрийгөө бэлдэхийн тулд ням гарагийг аль болох эрч хүч, энергиэ цэнэглэхэд зориулах нь зүйтэй. Тэгж байж л даваа гарагийг үзэн ядаж биш хүсэн хүлээж эхлүүлнэ шүү дээ.
Машин дээр л жишээ авахад бензин байхгүй бол хэчнээн явахыг хүсээд ч хөдөлж чадахгүйн адил тул улам илүү хол зам туулахын тулд өөрийн бие махбод, оюун санааг тордохоо мартаж болохгүй. Зүгээр л чимээгүй орчинд 15 минут суух, ном унших, аяга кофе уунгаа дуртай хөгжмөө тавиад амрах, нохой, муураа эрхлүүлэх гэх мэт амархан хийж болох зүйлс ч үүнд хангалттай.
Энэ бүхний эцэст, та бүхнийг шинэ долоо хоногийг байнга бэлтгэлтэй эхлүүлэхийг зөвлөж байна. Сайхан долоо хоногийг эхлүүлэх нь даваа гарагийн өглөөнөөс биш амралтын өдрүүдээс хамаардаг юм шүү.