Коронавирустай холбоотой үнэн, худал нь үл мэдэгдэх цуу яриа олон нийт дунд хөвөрч, хүүхдүүдийн сэтгэлзүйд хүнд тусан, цочрол өгөх, айдаст автуулах өндөр магадлал үүсээд байна.
Харин үүнд эцэг, эхчүүд онцгой анхаарал хандуулж вирусийн тухай үнэн зөв, нотолгоотой мэдээллийг хүүхдүүддээ тайлбарлан, тайвшруулж, хэрхэн ариун цэврээ зөв сахиж, халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалах боломжтой талаар ойлгуулах нь хамгийн чухал.
ХҮҮХДИЙНХЭЭ НАСАНД ТОХИРОХ БАЙДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГ
Цэцэрлэгийн насны хүүхэдтэй бол “Шинэ төрлийн вирус бий болоод зарим хүмүүсийг өвтгөөд байгаа юм. Миний хүүхэд санаа зовох шаардлагагүй. Аав, ээж нь бүхнийг гартаа авсан” гэж тайтгаруулах нь зүйтэй. Сургуулийн насны хүүхдэдээ “Коронавирусийн талаар айдас төрүүлэм маш олон мэдээлэл бий. Хэдийгээр хүмүүс энэ вирусээс болж өвдөж байгаа ч бид санаа зовж суухын оронд хэрхэн эрүүл мэндээ хамгаалахад анхаарах нь чухал” гэдгийг ойлгуул.
Өсвөр насны хүүхэдтэй бол “Нийгэмд коронавирусийн зэрэгцээ худал мэдээлэл их түгж байна. Үүнд итгэхгүй байж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын заавар, зөвлөгөөг дагах хэрэгтэй. Олон орны эрдэмтэн, судлаачид коронавирусийн халдварыг зогсоох, өвчтөнийг эмчлэх сайн аргыг нээхээр чармайж буйг мартаж болохгүй” хэмээн учирлаарай.
Олон орны эрдэмтэн, судлаачид коронавирусийн халдварыг зогсоох, өвчтөнийг эмчлэх сайн аргыг нээхээр чармайж буйг мартаж болохгүй
Магадгүй хүүхэд тань коронавирусээс хамгаалах боломжгүй гэсэн бодолтой байж болох юм. Түүнд Засгийн газар, эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачид ямар их хичээж байгааг тайлбарлаж.
Хүн бүр ариун цэврээ сайн сахиж:
Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
Хоол идэх, нүүрэндээ хүрэхээсээ өмнө гараа тогтмол угаах. Ингэхдээ амандаа дуртай дуугаа аялан хөгжилтэй байдлаар хийхийг зөвлөөрэй
Гар ариутгагч хэрэглэх
Ханиаж, найтаахдаа амны алчуур хэрэглэх
Нүүр, нүд, ам, хамартаа огт хүрч болохгүйг анхааруулах
~Хүүхдүүдэд “COVID-19”-ын талаарх мэдээллийг хэрхэн өгөх вэ?~
ӨВЧТЭЙ, ЭРҮҮЛ ГЭЛТГҮЙ ХҮН БҮРТЭЙ ХҮНЛЭГ ХАРЬЦАХЫГ ЗААХ
Хүмүүсийг эрүүл мэндийн байдлаас нь болоод ялгаварлаж, хүндэтгэлгүй харьцаж болохгүйг хэлэх хэрэгтэй. Коронавируст халдвар хэдийгээр Хятад улсаас эхлэлтэй ч одоо дэлхий нийтэд хамааралтай, олон улсад тархсан талаар тайлбарла. Өвчтэй, халдвар авсан хүмүүсийг чичихээс илүүтэй хурдан эдгэхийг ерөөх хэрэгтэй. Бид нэг дэлхийд амьдардаг, яг адил хүмүүс гэдгийг учирлаарай.
НАС ЗАЛУУ БАЙХ ТУСМАА ХАЛДВАРЫН АЮУЛД ӨРТӨХ ЭРСДЭЛ БАГА ГЭДГИЙГ ОНЦЛОХ
Коронавирусийн халдвар авсан ч эдгэрэх боломжтой. Өндөр настай, ужиг өвчтэй хүмүүст илүү их эмчилгээ, сувилгаа шаардлагатай. Харин залуу хүүхдүүд хурдан эдгэрэх бүрэн боломжтойг сануулах нь зүйтэй.
Өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд гараа тогтмол угааж, нүүрэндээ гараа хүргэхгүй байхын чухлыг ярьж өг.
Үзэх гэж байсан тоглолт, оролцох гэж байсан олон нийтийн арга хэмжээг нь цуцалсны улмаас хүүхэд тань сэтгэлээр унасан байж болзошгүй. Тиймээс эдгээр арга хэмжээг бидний эрүүл мэндийг хамгаалахын төлөө цуцалсан. Олон хүн цугласан газар хамгийн эрсдэлтэй. Байдал тайван болсны дараа бүр илүү сайхан зүйлс үзэх боломжтойг ойлгуулаарай.