“Хөгжим бүжгийн коллеж”-ийн дөрвөн хөвгүүн нийлэн 1995 онд “Камертон” хэмээх хамтлагийг байгуулж, өнөөг хүртэл рок попын ертөнцөд өөрсдийн ноёрхлоо тогтоосоор байгаа билээ. Тус хамтлагийнхан энэ жил “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулан “Хайр” хэмээх нэртэй VIP тоглолтоо хийсэн бөгөөд тус тоглолтын бүх орлогыг өөрсдийн продюсер болох Л.Тайванбатын эмчилгээний зардалд хандивласан байна.
Тус тоглолтод хамтлагийн хит болсон 30 гаруй дуу дуулагдсан бөгөөд дуучин Л.Ган-Эрдэнийн гэргийн төрсөн өдөр мөн энэ өдөр тохиож, тэрээр эхнэртээ 247 ширхэг сарнайг сюрприз болгон барьжээ.
Хамтлагийн продюсер Л.Тайванбатын хувьд “Титэм” хамтлагийн гоцлол дуучин, мөн “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнийн төрсөн ах гэдгээр нь олон нийт сайн мэднэ. Нэг хэсэг хүндээр өвдөж хамтлагийн дүү нараа багагүй сандаргаад авсан тэрээр “Камертон” хамтлагийн амжилтын гол үндэс болсон нэгэн гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч хамтлагийн залуус продюсер Л.Тайванбатын эмчилгээнд зориулж тус тоглолтыг зохион байгуулсан бөгөөд “Камертон” хамтлаг болон Л.Тайванбат нарын мэндчилгээг хүргэж байна.