МОСКВА: Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын цээж баримал сүндэрлэв

eronhii-said-asan-narantsatsralt
Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын цээж баримал сүндэрлэв

Оросын техникийн ууган их сургуулиудын нэг Газар зохион байгуулалтын улсын их сургуулийн 240 жилийн ойн арга хэмжээ энэ өдрүүдэд Москва хотноо болж байна.

Ойн арга хэмжээний хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Газар зохион байгуулалтын улсын их сургуулын “Алдарын төгөл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаа болов. Энэхүү төгөлд тус сургуулийг төгссөн болон ажиллаж байсан 12 алдартнууд, тухайлбал Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд Жанлавын Наранцацралт, ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд асан В.Н.Хлыстун, нэрт эрдэмтэн, профессор И.Е.Герман, И.А.Иверонов нарын цээж хүрэл баримлыг байршуулжээ.

Алдарын төгөл, суут төгсөгчдийн цээж баримлын нээлтийн ёслолын ажиллагаанд Газар зохион байгуулалтын улсын их сургуулийн ректор, Оросын Шинжлэх ухааны академийн академич С.Н.Волков, Москвагийн Геодези, зураг зүйн их сургуулийн ерөнхийлөгч, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын хошой баатар, профессор В.П.Савиных, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч О.Очирмаа, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, Ерөнхий сайд Ж.Наранцацралт агсаны гэргий М.Алтанцэцэг, хүү Н.Соёмбо, Н.Тулга, ач хүү С.Монгол-Эрдэнэ, Монголын газар зохион байгуулагчдын холбооны ерөнхийлөгч Д.Мөнхбаатар тэргүүтэй тус сургуулийн төгсөгчдийн төлөөлөл болон Газар зохион байгуулалтын их сургуулийн багш, профессорууд, оюутнууд, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцов.

~Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын цээж баримал сүндэрлэв~

240 жилийн хөгжлийн түүхтэй, газар зохион байгуулалтын чиглэлээр дагнан төрөлжиж эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа явуулдаг дэлхийн цорын ганц энэхүү сургууль Монголын газар зохион байгуулалтын мэргэжилтнүүдийг бэлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч О.Очирмаа нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ онцлов. Тэрээр цааш нь, “Газар зохион байгуулалтын их сургуулийг Монгол Улсын орчин үеийн газрын албаны онол, зохион байгуулалтын голлох хөдөлгөгч хүч, уураг тархи, хөгжлийн зүтгүүрийг үүргийг олон жилийн туршид нэр төртэй гүйцэтгэж ирсэн мэргэшсэн мэргэжилтнүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, тухайлбал Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд Жанлавын Наранцацралт, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Самдангийн Банзрагч нарын олон алдартнууд төгссөн болохыг энэ индрээс дурдахад таатай байна” хэмээн тэмдэглэн хэлжээ.

Миний аав 1981 онд тус сургуулийг төгсч, төрсөн нутагтаа өөрийн эзэмшсэн мэргэжлээр ажиллаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Газрын албыг үүсгэн байгуулж” байсан хэмээн Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд Ж.Наранцацралтын хүү Н.Соёмбо Нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ дурдаад “Тэрээр эгзэгтэй үед Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж Газрын тухай хуулийг батлалцаж, иргэнд газар өмчлүүлэх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зохицуулах, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байсныг Монголын ард түмэн мэднэ” гэж онцлон тэмдэглэв. Түүнчлэн тэрбээр “240 жилийн түүхтэй Газар зохион байгуулалтын улсын их сургууль аавын минь дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлж хөшөө босгосонд гэр бүл, аавынхаа анд нөхдийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэлээ.