Өнөө шөнө төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг Ус, цаг уур, орчны хүрээлэнгийн газраас малчид, тээвэрчид, иргэдэд анхаарууллаа.
Өнөө шөнө Сэлэнгийн нутаг, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хойд хэсгээр, маргааш өдөр Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурах юм.
Харин ирэх сарын 2-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 1, 2-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.