Анх удаа орон сууц худалдан авсан бол 6 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ

УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийг баталсан. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-2006 оноос хойш Татварын багц хуулийг шинэчлэх асуудал яригдсан. Техник технологи шинэчлэгдсэн. Үндэстэн дамнасан корпораци орж ирсэн. Тиймээс олон улсын татварын заалтуудаас оруулах шаардлагатай болсон. Жилийн 50 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой НӨАТ суутган төлөгч биш иргэн, аж ахуй нэгж жилд нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогынхоо нэг хувиар татвар төлөх хялбаршуулсан боломж олгож байна. Тухайлбал 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуй нэгж жилдээ 100 мянган төгрөгийн татвар төлөхөөр байна. Үүнд Жилийн 300 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилд хоёр удаа тайлан гаргаж,  ашгийн нэг хувийн татвар төлнө. Үүнд 47.8 мянган аж ахуй нэгж хамрагдаж байна.

 

300 саяас-1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуй нэгж жилдээ хоёр удаа тайлан гаргаж, 10 хувийн татвараа төлчихөөд 90 хувиа буцааж авна. Ингэж жилд дөрвөн удаа тайлан гаргадаг байсныг жилд нэг, хоёр болгож хөнгөвчилж өгсөн.

 

Амьдран суух зориулалтаар анх удаа орон сууцны барилга барьсан эсвэл худалдан авсан бол гурван сая төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлдэг байсан. Үүнийг 6 сая төгрөг болгосон. Ипотекийн зээлээр анх удаа орон сууц худалдан авсан иргэнд татварын хөнгөлөлт үзүүлж байгаа. Ипотекийн зээлийн хүү 8 хувь байгаа. Хэрвээ иргэн арилжааны банкнаас жилийн 13 хувийн хүүтэй зээл авсан бол 5 хувийн зөрүүг нь буцаан өгч байгаа хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу