Хотын дарга С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд өнөөдөр Багахангай дүүрэгт ажиллаж байна. “Багахангайн мах боловсруулах үйлдвэр”-тэй нийслэлийн удирдлагууд танилцлаа.
Тус үйлдвэр 2003 оноос хойш үйл ажиллагаа нь зогсож, Улаанбаатар хотын банкинд 430 сая төгрөгийн өртэй гэх шалтгаанаар үйлдвэрийн объектын хоёр га газрыг хамруулан шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн талаар дүүргийн албаныхан хэлж байлаа. Нийслэлийн өмчийн харилцааны газрын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргаж, Багахангайн мах боловсруулах үйлдвэрийг зээлийн өрөнд хураасан үйлдлийг хүчингүй болгосон гэдгээ энэ үеэр хэлж байлаа. Ингэснээр өрөнд хураагдсан үйлдвэрийн объект суларсан ч Улаанбаатар хотын банкинд өртэй хэвээр байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан мах боловсруулах үйлдвэрт тулгамдаж байгаа асуудлыг судлаж, хуулийн байгууллагаар шалгуулж шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд өглөө.
Хотын Захирагч тэргүүтэй нийслэлийн удирдлагууд тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон гадна талбайн ногоон байгууламж, тохижилтын ажлын явцыг шалгалаа. “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 40 ортой шинэ байртай болжээ. Шинэ эмнэлгийн барилга нь нийт 2392.6 ам метр талбайтай бөгөөд дотрын тасаг, хүүхдийн тасаг, төрөх тасаг, уламжлалт эмчилгээний тасаг бүхий нийт 40 ортой эмнэлэг болон өргөжжээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс