Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Завханы зүүн, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр, маргааш өдөртөө Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.
Өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Өмнөговийн хойд хэсгээр, маргааш өдөр Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар, Төв аймаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван ширүүсэж, шороон шуурга шуурна.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн хагаст цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
28-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 31-нээс баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.