21 аймагт хадлан бэлтгэлийн ажил 60 хувиас дээш хувьтай байна

hadlan-beltgel
21 аймагт хадлан бэлтгэлийн ажил 60 хувиас дээш хувьтай байна

Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 285 дугаар тогтоолыг 07 дугаар сарын 03-ны өдөр гаргуулсан.

Тогтоолд Өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацад тохируулан малын тоог бууруулах, малын чанар, сүргийн бүтцийн зохистой харьцаанд тулгуурлан малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нөөц мах бэлтгэлийн ажлыг зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгасан.

Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн сайдын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А-275 дугаар тушаалаар ажлын 4 хэсэг байгуулж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлж эхлээд байна. Яамны ажлын хэсэг өнөөдрийн байдлаар зун гантай, гандуу байсан Өмнөговь, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-өлгий аймгуудад томилотоор ажиллаж ХАА-н салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах Засгийн газрын 285 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаад байна.

Хадлан: Өнөөдрийн байдлаар 21 аймагт хадлан бэлтгэлийн ажил 60 хувиас дээш хувьтай явж байна. Тухайлбал Баян-Өлгий аймаг, хадлан тэжээлээ бүрэн, Ховд аймаг 98.7 хувьтай, Архангай 89 хувьтай, Хэнтий, 87.7 хувьтай, Хөвсгөл 85.6 хувьтай байна.Өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүхэлд нь сайтар хангаж байгаа аймгуудыг дурдвал Баян-Өлгий 95 хувь, Хөвсгөл 90 хувь, Ховд 80 хувь, Дархан -Уул 80 хувьтай байна. Бусад аймгийн хувьд 50- 70 хувьтай бэлтгэлээ хангаж байна. Ихэнх аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсэг сум, орон нутагт ажиллаж байна.

Малын тоо толгой: Манай улсын хэмжээнд 2019 оны 8 дугаар сарын сүүлийн байдлаар тэмээ 541.5 мянга, адуу 4.5, үхэр 5.4, хонь 39.6, ямаа 34.5 нийт 84.2 сая мал бэлчээрлэж байна. Аймаг, орон нутгаас ирүүлсэн дээрх тоон мэдээг нэгтгэн, дүн шинжилгээ хийж үзэхэд бэлчээрт байгаа 84.2 сая толгой малаас 16.5 саяыг хэрэгцээлж 67.7 сая толгой мал өвөлжих төлөвтэй байна.

Бэлчээрийн даац: Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан 2019-2020 оны өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац тодорхойлсон дүнгээр нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, 40 шахам хувьд хэтэрч байгаа дүн гарчээ. Энэ зун зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болжээ.

~21 аймагт хадлан бэлтгэлийн ажил 60 хувиас дээш хувьтай байна~

Түүнчлэн Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймгуудын ихэнхи нутагт өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн ба эдгээр аймгуудад нийт өвөлжих малын 32.0 хувь нь ноогдож байгаад анхаарч яамны ажлын хэсэг газар дээр нь ажиллаад байна.

Отроор мал өвөлжүүлэх ажлын зохион байгуулалт: Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг сайтар хангахын тулд аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас отор нүүдлийн судалгааг урьдчилсан байдлаар авч нэгтгээд байна. Тухайлбал:

Өөр аймгийн нутагт 3748 өрхийн 3.0 сая толгой малыг отроор өвөлжүүлэх,
Улсын тусгай хамгаалалттай газарт Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Увс, Ховд нийт 7 аймгийн 2766 өрхийн 2.2 сая толгой мал отроор өвөлжүүлэх,
Хилийн зурвас газарт Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий нийт 7 аймгийн 2190 өрхийн 1.3 сая толгой мал отроор өвөлжүүлэх,
Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Увс, Төв, Ховд, Хэнтий нийт 13 аймгаас 1529 өрхийн 1.8 сая толгой мал отроор өвөлжүүлэх санал ирээд байна.
Урьдчилсан байдлаар 8.3 сая толгой малыг өөр аймаг, улсын тусгай хамгаалалттай, хилийн зурвас болон улсын тусгай хэрэгцээний аймаг дундын бүс нутагт отроор өвөлжүүлэх санал нэгтгэгдээд байна.

Харин улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын Ачит нуур 27.6 мянга, Бага хайрхан 37.3 мянга, Баян нуруу 49.9 мянга, Бор аргалант 29.4 мянга, Малах 107.0 мянга, Чилэн 22.0 мянга, Чойбалсан 18.0 мянга, Хөх дэл 16.6 мянга, Хэрлэнбаян Улаан 284.3 мянга нийт 592.7 мянган хонин толгой малыг отроор өвөлжүүлэх бэлчээрийн даацтай байна.

Энэ жил 2019-2020 оны өвлийн бэлтгэл ажил аймаг, орон нутагт эрчимтэй явагдаж байна. Энэ ажлын бэлтгэлийг 10 дугаар сарын сүүлч гэхэд бүрэн хангуулах зорилт тавьж ажиллаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу