Монголын Рок попын Дива С.Наран өнгөрөгч оны 12 сард Токио хотод “Welcome to my hearth” амьд хөгжмийн тоглолтоо толилуулсан билээ. Тайзнаа олон цаг үргэлжлэх амьд тоглолт хувь уран бүтээлчээс авьяас чадвар, асар их тэвчээрийг шаарддаг тухай ийн хэлжээ.
Дуучин С.Наран,
“Монголын дуучид бид өөрийн бие даасан амьд тоглолтын төлөө хэдэн сар бодож төлөвлөн бүхэл бүтэн цэргийн суманд сайн хошууч,ахмад, цэргүүдийг татан нийлүүлж бэлтгэл сургуулилт хийхтэй адил чадвартай, мэдрэмжтэй, туршлагатай Найруулагчид санал тавин түүнтэй хамт 1-р салаанд шилдэг хөгжимчид, уран бүтээлчдийг урин бэлтгэл сургуулилтаа эхэлдэг. Яг үүнтэй зэрэг нөгөө талд менежмент, маркетинг мөн сурталчилгааны 2-р салаанд мөн л туршлагатай сайн гэсэн хүмүүсийг урин ажиллуулах ба дээр нь найз нөхөд, эгч, ахан дүүс, тэдний танил найз нөхөд мөн үнэнч фэнүүд гээд л оролцож туслахгүй бас санаа зовохгүй хүн байхгүй. За ингэж 2 салаатай тасралтгүй ажиллаж байхдаа сэтгэл зүйн ачааллаас гадна машин биш учир чих өнгө сонсохгүй эсвэл хоолой ядарч гарахаа болих үе гарна.
Ингээд хэдэн сарын тархины ачаалал мөн хэдэн долоо хоногийн амьд хөгжмийн бэлтгэл дуусч хүсэн хүлээсэн тоглолтын өдөр маань хаяанд ирнэ дээ. Тоглолтын өмнө өдөр 3 дахь салаа болох гэрэл,тайз засалт, дэлгэцийнхэн найруулагчтай өдөржин шөнөжингөө ажиллана… дараа нь 4 дэх салаа болох хөгжим дуугаралтын багийнхан бүх хөгжим, дуучдын микрофоны дуугаралтуудыг тохируулна. Энэ нь ихэнхдээ хамаг цагийг авдаг. Ингээд тоглолтын найруулагчийн удирдлага дор тоглолтын үндсэн бэлтгэл эхэлдэг. Заримдаа тоглолт болох тухайн театрын хуваариас хамааран ганцхан өдөр өгсөн тохиолдолд яг тоглолт болох өдрөө бүх тайз, гэрэл, дэлгэц,хөгжмийн дуугаралт, хамгийн сүүлийн хяналт гээд бүгдийг яг тоглолтын өмнө хийж бэлдэж дуусдаг. Ийм их ажлын дараа хайрт Үзэгчидтэйгээ уулзах Визээ аваад тайзны арын өрөөнд бас 5 дахь салаатай ажиллана. Мэдээж нүүр будаг үс гэзэг янзалж, тоглолтын хувцсаа өмсөнө. Яг энэ үеэс эхлэн зүрхний цохилт түргэсэж, бүгд сэтгэл нь догдолж, айдас, хүлээлт,сандрал гээд л ер нь бүгд нэг дор мэдрэгдэнэ…
~Амьд тоглолт авьяас чадвар, тэсвэр тэвчээрийг ШАЛГАДАГ~
“Хүүүү” гэж нэг амьсгаа аваад тайзны ард чихэвчийн монитороо зүүлгээд, микрофоныг гарт атгуулах тэр мөчид найруулагч ‘Гэрлээ унтраагаад, бүгд байр байрандаа гэж хэлэхэд бүгд “ЗА УРАГШАА” гэж хэлээд өөр өөрсдийн байрлалыг эзлэхэд үзэгчдийн алга ташилт, хашхирах, шүгэлдэх дуутай зэрэгцэн дуучид Бэлэн болсноо мэдрэн гарахаа хүлээн гүн амьсгаа аван нүдээ анин өөрийгөө тайвшруулж, зоригжуулан зогсдог.
Энэ нь яг л хил дээр нэвтрэх Тамга даруулахтай адил Тайзан дээр дуулах эрхээ олж авах мэт…ТАЙЗ РУУ ГАРЛАА – -тоглолтын баг мөн танхимд байгаа бүх хүмүүсийн харц , сэтгэл хөдлөл мөн тэдний энергийг өөрийн нийлүүлэн Нэг бүхэл болгох энэ л гайхамшигтай мэдрэмж, энэ аз жаргалыг юутай ч зүйрлүүлэхгүйхарин нэг мэдэхэд л тоглолт дуусдаг.
Гэхдээ тоглолтын үед бэлтгэлтэйгээ нийлээд 3-5 цагийг тасралтгүй дуулахад хоолой маань улайстал халсан төмөр мэт санагдаж өөрийн эрхгүй шүлсээ залгин чийгшүүлэн тайвшруулах үе, хааяа хэт их ядарсан хоолойн булчингууд маань тархинаас дохио удирдлага хүлээж авахгүй өнгө алдах үе ч гарна. Бас гэнэт хамгийн их дуулдаг дууны минь үг нь огт орж ирэхгүй байх , техник гацах, тог тасрах гээд л ер нь жижиг сажиг тохиолдлууд бас гарах үе бий. Иймэрхүү тохиолдлууд бүх дуучдад мэдээж хааяа тохиолдоно.
Амьд тоглолт бидний чадвар, тэсвэр тэвчээрийг асар их шаарддаг ч Шагнал нь Үнэхээр Гайхамшигтай мэдрэмж, Таашаалыг маш олон авьяастай, чадалтай, сэтгэлтэй хүмүүсийн хамтын нөр их хөдөлмөрийн үр дүнд л Үзэгч та бүгдээсээ олж авдаг бөгөөд Тайз гэгч Өндөр босгыг жинхэнэ утгаар нь мэдэрч дурлан хайрлаж, хүндэтгэж, Дараагийн тайзыг !мөрөөдөн,түүний төлөө дахин шунан тэмцэхээс өөр ЗАМ ҮГҮЙ ЭЭ” хэмээсэн юм.