Монголын боксын холбоо, Азийн боксын холбоо /ASBC/ хамтран “Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээн”-ийг энэ сарын 11-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа” спорт ордонд амжилттай зохион байгуулсаар байна.
Энэ жилийн “Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээн”-д Азийн 17 орны шилдэг залуу боксчид хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор ирсэн бөгөөд Монгол Улсаас эх орондоо зохиож буй тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 16 тамирчин оролцож байна.
Тэмцээнд эрэгтэй /49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, -91 кг, +91 кг/ жинд, эмэгтэй /48 кг, 51 кг, 54 кг, 57 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, +81/ гэсэн нийт 20 жинд шилдэгүүд тодорно. Тэмцээний шүүгчээр Олон улсын боксын холбоо /AIBA/-ны 2 болон 3 одтой шүүгчид ажиллаж байгаагаараа онцлогтой.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Ажнай корпораци, хамтран ажиллагчаар Монголын боксын холбооны топ түнш, спортыг дэмжигч Капитрон банк болон бусад байгууллагууд хамтран ажиллаж байна.