Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нэм, эвслүүдэд өнөөдөр, маргааш сонгуульд оролцох батламжийг нь гардуулан өгнө. Энэ удаагийн сонгуулиар 15 нам, дөрвөн эвсэл сонгуульд оролцох саналаа СЕХ-д хүргүүлж, бүртгүүлсэн билээ. Тэгвэл эдгээр намуудад өнөөдөр /2020.04.30/ 2020 оны УИХ-ын монгуульд оролцох батламжийг нь гардууллаа. Тухайлбал, Эх орончдын нэгдсэн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Их эв нам, Зон олны нам, Дэлхийн монголчууд намууд гардаад байна. Мөн өнөөдөр /2020-04-30/ Ардчилсан нам сонгуульд оролцох батламжаа гардан авлаа.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамтаар СЕХ-нд хүсэлтээ хүргүүлсэн. Улмаар СЕХ-ны 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Ардчилсан намыг 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн тул батламжийг олгосон юм.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.СОДНОМЦЭРЭН:
-Ардчилсан намд сонгуульд оролцох батламжийг нь гардуулан өглөө. Нам, эвслүүд СЕХ-д хүсэлт, материалаа ирүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон бусад хуул тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн. Тиймээс энэ удаагийн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцохдоо эдгээр хуулиудыг дагаж мөрдөж ажиллахыг хүсч байна.
АН-ын дарга С.ЭРДЭНЭ:
-Ардчилсан намын 2020 оны сонгуульд эрх, батламжаа гардан авлаа. Мөн 2020 оны мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлж, баталгаажуулж авсан. Манай нам “Монгол өрх, хөгжлийн бодлого” мөрийн хөтөлбөрийг авч орж байгаа. Төрийн үндэс бол өрх гэр байдаг. Бид монгол өрхийг чинээлэг, хангалуун амьдрах, эрх чөлөө, тэдний ажлын байраас эхлээд, амьдралын чанарыг дээшлүүлэх бүхий л асуудалд АН анхааран ажиллах болно. 2020 оны сонгуульд бусад улс төрийн намуудтай шударга ёсны зарчим баримт өрсөлдөнө. АН сонгуулийн хуулийн зүйл заалт бүрийг биелүүлж, сонгуульд амжилттай оролцоно гэж итгэж байна. АН-ын мөрийн хөтөлбөр, биднийг дэмжиж АН-д саналаа өгөхийг нийт монголчууддаа уриалж байна.