Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ бүс нутгийн улс орнуудын парламентын төлөөлөгчидтэй хэд хэдэн уулзалт хийв.
Тэрбээр, Чуулганд оролцсон Япон Улсын төлөөлөгчдийг Японы нэрт улстөрч Хирофүми Накасонэ тэргүүлэн иржээ.
Тэрбээр Япон Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ясухиро Накасонэгийн хүү бөгөөд Японы Боловсрол, шинжлэх ухаан, соёлын сайд, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан юм.
Эцэг Ясухиро Накасонэ 101 насандаа өнгөрсөн жил таалал төгссөн бөгөөд хүү Накасонэ өдгөө 75 настай, Японы Либерал Ардчилсан Намыг төлөөлсөн парламентын гишүүн аж.
УИХ-ын дарга Г.Занданшатар Хирофүми Накасонэд хандаж, “Таны аав Ясухиро Накасонэ Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулган хэмээх олон улсын энэ том байгууллагыг санаачлагч билээ. Өдгөө 30 жилийн түүхтэй энэ байгууллага бүс нутгийн парламентуудыг дэлхий нийтийн тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулж, бодлого тодорхойлох, хууль тогтоох аргаар шийдвэрлэх, нэгдмэл эрмэлзэл, хамтын хүчин чармайлтыг нэгтгэн зангидахад чухал үүрэг гүйцэтгэж байгаад гүнээ талархаж, хүндэтгэл үзүүлж байгааг минь хүлээн авна уу” гэлээ.
Түүнчлэн Монгол, Япон хоёр орны парламентуудын хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө Улсын Их Хурал анхаарлаа хандуулах болно гээд, ноён Хирофүми Накасонэд сайн сайхныг хүссэн юм.
Ноён Хирофүми Накасонэ УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулахдаа баяртай байх болно гэв.
Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс