Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар 08 сарын 28-ны өдөр Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажилтай танилцан, газар дээр нь очиж ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 50 хувьтай, далангийн ажил 85 хувьтай хийгдсэн. Хоолой, тунелийн ажил дууссан. Цементээр эхлүүлсэн хучилт 1 км байна. Замын хучилтыг ирэх аравдугаар сарын 10-н гэхэд дуусгана. Хөдөлгөөнийг аравдугаар сарын 25-н гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаагаа албаны хүмүүс салбарын сайд болон Хотын Захирагчид танилцуулав..
Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажилд нийслэлээс байнга хяналт тавьж ажиллаж байна. Төлөвлөсөн цаг хугацаандаа замыг бүрэн ашиглалтад оруулах шаардлагатай” гээд “Замыг чанар стандартын горим алдагдуулахгүй, аюулгүй байдлыг бүрэн ханган хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компаниудад анхааруулж байна” хэмээлээ.
Дараа нь хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаны төлөөллийн хамт уг авто замын цементээр бэхжүүлсэн суурь болон далангийн ажил, техникийн хучилт болон бетонон хучилт, замын зааг, гэрэлтүүлэг, нүхэн гарц гэх зэргийг ажлууд ямар шатанд хийж гүйцэтгэж байгаатай биечлэн танилцсан юм. Энэ үеэр нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “30 см зузаантай цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийгдэхээс одоогоор 15 см зузаантай эхний доод суурийн ажил 1.2 км замд хийгдсэн. Дараагийн хоёрдугаар үеийг бэхжилтээ бүхэн авсны дараа ирэх долоо хоногт хийнэ. Мөн гурван нүхэн гарц хийхээс хоёр нь 100 хувь, нэг нь 93 хувийн гүйцэтгэлтэй хийгдсэн” гэж танилцууллаа.
Хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажлын ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч бүх компанийн удирдлагатай хамт замын ажлыг гүйцэтгэхэд анхаарч ажиллах ямар асуудал байгааг ярилцаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх гэж Баянзүрхийн товчооноос Налайхын уулзвар хүртэл явж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар замын ажилд ямар нэгэн удаашрах зүйл байхгүй, товлосон хугацаандаа ашиглалтад орохоор байна. Нүхэн гарцын цутгалтын ажил дууссан байна. Гүйцэтгэгч компаниудын зүгээс ажил явуулахад ямар нэгэн хүндрэлтэй асуудал байхгүй цаг хугацаандаа ашиглалтад орно гэдгийг ч сая албан ёсоор хэллээ” гэсэн юм.