Гинжнээсээ мултарсан Квэнтин Тарантино

Reservoir Dogs, Pulp Fiction, Jackie Brown, Kill Bill Vol.1 & 2, Death Proof, Inglourious Basterds, Django Unchained, The Hateful Eight гэх найман бүтээлээрээ бүх цаг үеийн шилдэг найруулагчдын нэгт тооцогдох болсон Квэнтин Тарантиног Холливуудын киноны содон үзэгдэл төдийхөн биш харин кино урлагт хувьсгал хийсэн шинэчлэгч гэж үздэг.
 
Хичээлээ тасалж кино үздэг, сурлага муутай байсан тул 9-р ангиасаа сургуулиа хаясан Тарантино кино урлагийн нэвтэрхий толь, харилцан яриа бичихдээ хэнийг ч дагуулахгүй.
 
Тарантино: “Би хичээлдээ үнэхээр муу байсан. Би зөв бичиж бараг чадахгүй, юу ч тогтоодоггүй. Харин хэн аль кинонд тоглосон, хэн найруулагч нь болоод киноны үйл явдлыг яг таг мэддэг байлаа.”
 
Зүдрүүхэн гэр бүлд төрсөн Тарантино өдрийн цагийг телевизийн өмнө өнгөрүүлж хүүхэлдэйн киноноос авахуулаад том хүний ч хамаагүй бүх л киног үзэж өсжээ. 1994 онд Канны Алтан далдуу модны шагнал авсан Pulp Fiction дээр дээр гардаг бяцхан хүү Буч хуучны зурагтын өмнө гав ганцаараа суух үзэгдлийг Квэнтин өөрийн амьдралаасаа сэдэвлэсэн гэдэг.
 
Мань хүү сургуульд ороод дөнгөн данган бичиж сурангуутаа эхчүүдийн баяраар ээждээ зориулж богино зохиол бичив. Зохиолын төгсгөлд ээж нь маш эмгэнэлтэйгээр нас барна. Хүү ээжээсээ олон дахин уучлалт гуйн: “Та бол энэ дэлхийн хамгийн сайн ээж. Гэсэн ч зохиолын өрнөлөөс болоод төгсгөлд нь та зайлшгүй үхэх ёстой.” гэсэн нь өөртөө хэр итгэлтэй, зохиолоо үхэн хатан хамгаалдаг чанар нь аль хүүхэд байхаас нь илэрсэн гэлтэй.
 
Хамгийн анхны бие даасан бүтээлээ хийтлээ видео кино түрээсний газар цагийн 4 долларын цалинтай ажилладаг байсан Тарантино кино хийх талаар ямар нэгэн сургуульд сурч, хэн нэгнээр заалгаагүй юм. Анхны бичсэн кино зохиолынхоо зургийг өөрөө авчээ. Мөнгө багатай болохоор Баасан гарагийн орой камер түрээслээд хагас бүтэн сайнаар нойргүй ажиллаад Даваа гарагийн өглөө камераа буцааж тушаах нь арай хямд тусдаг байж. Хэзээ ч бэлэн болоогүй энэ киног Тарантино өөрийнхөө суралцаж болох кино урлагийн хамгийн хямд сургуульд тооцдог.
 
Кино нь цус урссан хүчирхийлэл, аллага таллагаар дүүрэн гэж зэмлүүлдэг ч бүтээл бүрээс нь яруу найраг, уран сэтгэмж мэдрэгдэнэ. Театрт гарч дөнгөлгүй шууд видеогоор түрээслэгддэг хөгийн хямдхан киноноос авахуулаад бүх л киног ялгалгүй үзэж үнэлдэг Тарантино өөрийн бүтээлээрээ Холливуудын классик, италийн вестэрн, хонгконгийн зодоонтой кинонд мэхийн ёсолсон байдаг.
 
Тарантиногийн тухай герман хэлээр бичигдсэн анхны биографи “Гинжнээсээ мултарсан Квэнтин Тарантино” номыг Нэпко хэвлэлийн газар орчуулж гаргалаа. Номд Тарантиногийн найруулсан, бичсэн, хамтарч хийсэн кинонууд хэрхэн бүтсэн тухай сонирхолтой баримтууд, алиа хошин түүхүүд багтжээ.
Нэгэнтээ Холливуудыг шинэчилж байсан Тарантиног өнөөдөр кино урлагийн өвийг хадгалагч сүүлчийн жинхэнэ кино найруулагч гэж нэрлэдэг. Тэрээр нийт 10 кино хийгээд зодог тайлахаа зарласан билээ.
 
Уг номыг та өнөөдөр (8.22) орой 23:00 цагаас Гэгээнтэн Энтэртайнмент Төвийн 3 давхарт болох “Once Upon a Time in Hollywood” киноны нээлтийн үзвэрийн үйл ажиллагаанаас худалдан авах боломжтой. Мөн уг номын шагналтай асуул хариултын уралдаан тэмцээнүүд мөн зохион байгуулагдана.
Тарантино найруулагчын 9 дахь бүрэн хэмжээний уран бүтээл “Once Upon a Time in Hollywood”-ийн үзвэр 00:20 цагт эхэлнэ.
 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу