Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/180 дугаар “Заавар батлах тухай” тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад 2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын теле, цахим хичээлийг бататгах, суралцагчдын сурах үйлийг дэмжих зорилготой давтлагыг сургуулийн орчинд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахыг зөвшөөрлөө.
Тушаалаар давтлага заавал зохион байгуулахыг үүрэг болгоогүй бөгөөд эцэг, эхийн бичгээр гаргасан хүсэлт, зөвшөөрлийн дагуу суралцагч, багшийн сайн дурын санал хүсэлтийн үндсэн дээр зохион байгуулж болохыг зөвшөөрч байгаа юм. Ийнхүү зохион байгуулах тохиолдолд баримтлах зааврыг дээрх тушаалаар баталсан.
Давтлагыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн орон нутгийн хэмжээнд, тухайлбал нийслэл болон Архангай, Сэлэнгэ зэрэг аймагт энэ зааврыг мөрдөхгүй байхаар зохицуулсан. Түүнчлэн давтлагыг энэ сарын 15-наас нэгдсэн журмаар заавал эхлүүлэх агуулга тушаалд байхгүй гэж БШУЯ-ны Хэвлэлийн албанаас мэдээлэв.