2020-2021 оны хичээлийн жилийн хувьд дэлхий нийтэд тархсан цар тахлын нөхцөл байдалд багш, ажилтнуудын мэргэжлийн хөгжилд цахимаар тасралтгүй дэмжлэг үзүүлэх зорилгоор Сонголтот сургалт зохион байгуулах тухай БШУ-ны сайдын 2020 оны 12-р сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаал гарч, 12-р сарын 18-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний хооронд 36 арга зүйчийн 31 СОНГОЛТОТ хөтөлбөрийн хүрээнд http://esurgalt.itpd.mn/ цахим сургалтын систем болон Google meet, Google Classroom нээлттэй хэлбэрээр бүртгэлийг зохион байгуулсан билээ. Энэ хугацаанд сургалтад хамрагдахаар 49596 оролцогч бүртгүүлснээс давхардсан тоогоор 37386 оролцогч буюу 75.3% нь 36 арга зүйчийн 31 сургалтын хөтөлбөрөөс өөрийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан сонгон суралцжээ. Сонголтот сургалт 2 ээлжээр явагдсан бөгөөд эхний ээлжийн сургалт 2020 оны 12 сарын 25-ны өдрөөс эхэлсэн бол хоёр дахь ээлж нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ний хооронд амжилттай зохион байгууллаа.
Оролцогчдын эрэлт, хэрэгцээ, чөлөөт сонголтод тулгуурлан, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд нээлттэй, олон талын оролцоог хангасан, сонголттой байх зарчмыг баримтлан СӨБ, ЕБС-ийн багш, удирдах болон бусад ажилтнуудад зориулсан тус сургалт Мэдээлэл харилцааны технологи, Интернет, компьютерийн түгээмэл хэрэглэгдэх англи хэл, Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй гэсэн ерөнхий агуулгын хүрээнд явагдлаа.