Т.Ням-Очир: ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад сургууль дээр нь давтлага өгнө

Bolowsroliin-bodlogiin-gazriin-darga
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир

Засгийн газрын хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад давтлага өгөх шийдвэрийг гаргасан.

Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл өглөө.

Тэрээр “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад ЭЕШ-д бэлтгэх зорилгоор сургууль дээр нь давтлага өгөхийг зөвшөөрсөн. Давтлага тавдугаар сарын 11-нээс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Улсын хэмжээнд 596 сургууль дээр давтлага хичээлийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Нэг ангид 10-15 хүүхэд давтлага хичээлд хамрагдана. Хүүхдийн суудал хоорондын зайг 1.5 метр байлгах зэргээр мэргэжлийн байгууллагаас гаргасан эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахина. Анги танхимд 40 минут тутамд 10-15 минутын агаар сэлгэлтийг хийнэ. Ширээ сандал, самбар, хичээлийн хэрэглэгдэхүүн, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор хоёр цаг тутамд цэвэрлэгээ ариутгал хийнэ.

~ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад сургууль дээр нь давтлага өгнө~

Давтлагын нэг ээлжийн үргэлжлэх хугацаа сургалтын цагаар өдөрт 3 цагаас илүүгүй байх юм. Түүнчлэн давтлага өгч байгаа сургууль сурагчдын шалгалт өгөхөөр сонгосон бүх хичээлээр давтлагад тав хоногийн хугацаанд бүрэн хамрагдах боломжийг бүрдүүлэхийг зөвлөсөн.

Сурагчдын орох, гарах урсгалыг мөн тооцоолсон. Жишээ нь нэг давхарт давтлаганд суух хүүхдүүд төв хаалгаар, хоёр давхарт суух хүүхдүүд баруун хаалгаар, гурван давхрын хүүхдүүд зүүн хаалгар орж, гарах зөвлөмжийг хүргүүлсэн. Ингэснээр орох гарах хаалган дээр хүний бөөгнөрөл үүсэхгүй юм. Хүүхдүүд зөвхөн хуваарилагдсан суудалдаа сууж, давтлага хичээлээ авна.

Түүнчлэн давтлага хичээлийг зохион байгуулах хуваарийг гаргаж, ерөнхий боловсролын сургуульд хүргүүллээ.

Энэ онд 31 мянга орчим хүүхэд ЭЕШ өгнө. Нэг хүүхэд дунджаар гурван хичээлээр шалгалт өгөх тооцоолол байна. Тиймээс гурваас дээш тооны хичээлээр шалгалт өгөх бол сонголтоор 3 хичээлийн давтлаганд суух боломжтой.

Давтлага хичээлд сурагчдыг заавал хамрагдахыг шаардахгүй өөрийн хүсэлтээр сууна. Датлагад хамрагдсан эрцийг авч байгаа ч энэ нь хичээлийн явц, дүнд нөлөөлөхгүй” гэлээ.