Өөрийн гоо сайхан, хийж буй үйл хэргээрээ олонд танигдсан бүсгүйчүүдийн нэг бол олноо “Aqua фитнесс” төвийн Ука гэдгээр алдаршсан багш Б.Уянга билээ.

Охид, бүсгүйчүүддээ өөртөө сэтгэл хангалуун, итгэл дүүрэн алхахад нь харамгүй зөвлөгөө өгсөн юм. Ингээд Укагийн гоо сайхны нууцыг энд тайлъя.

Aqua-Uka
Б.Уянга

Нэр: Б.Уянга

Эрхэлдэг ажил: “Aqua фитнесс” төвийн үүсгэн байгуулагч

Сошиал хуудсууд:

FB: uka.aqua

IG: aqua_uka

Гоолиг биеийн нууц…

Мэдээж Укагийн гоолиг, өв тэгш сайхан биеийн нууц нь усан фитнесс. Усан фитнессээр тогтмол хичээллэдэг учраас жингийн асуудалд тэр бүр санаа зовинодоггүй. Гэр бүл, хичээл ихтэй завгүй өдрүүддээ үүнийг орхигдуулах нь цөөнгүй ч эргээд усан фитнессээр хичээллэснээр хэвийн жиндээ орж чаддаг байна. Хамгийн гол нь хүн өөрийн хэвийн жингээ мэдэж байх ёстойг Ука онцоллоо. Үүний тулд өндрөөсөө жингээ хасаад гарсан тооноос 12-ыг хасахад хэвийн жин гарч ирнэ. Хэт туранхай байхаас илүүтэй биедээ таарсан жинтэй, хамгийн гол нь нарийхан гоолиг бэлхүүстэй байхад эмэгтэй хүн эрүүл, сайхан харагддаг хэмээн боддог гэлээ.

Укагийн эрүүл, гоолиг биеийн бас нэгэн нууц бол иог бясалгал, тэквондо, бокс, бүжиг. Усан бассейнаас гадна эдгээр спортыг сонгон хичээллэж, үр дүнг нь мэдэрчээ. Ийн спортын олон төрлөөр хичээллэж үзэж, тус бүрийн онцлог талыг мэдэрч, хооронд нь харьцуулалт хийхийг эрэлхийлдэг байна.

Aqua-UkaТэквондогоор хичээллэхэд гуяын булчинд ачаалал их ирж, сунгалт сайжирдаг бол бокс хүнд маш их эрч хүчийг өгөөд зогсохгүй хүний анхаарлын төвшинг сайжруулдаг байна. Усанд бассейнаар хичээллэснээр бие маш их сэргэж, нойр муутай хүн ч нойрондоо сайн болдог аж.

Иог, бясалгал бол хүний оюун санаа болон бие махбодыг амраан тайвшруулж, иог нь биеийг илүү уян хатан болгоход тусалдаг гэлээ. Эдгээрээс бясалгал хүнд хамгийн их хэрэгтэйг Ука онцоллоо.

Зөв бясалгаад сурчихвал өөрийгөө таньж мэдэж, өөрийгөө зөв чигт залж чиглүүлэн, өөр зүйлд сатаарахгүйгээр зорьсон зорилгодоо хүрч чадах чадварыг олж авдаг байна. Тиймээс зөв бясалгаад сурчихвал насан туршийн чадвар юм.

“Хүний бие нэг зүйлээр дагнан хичээллээд байхаар түүндээ амархан дасчихдаг. Тиймээс өөр спортод хүч үзэж, ачаалаагүй бусад булчингуудаа ажиллуулж, өөр эрч хүчээр цэнэглэгдэх нь үнэхээр сонирхолтой. Тиймээс ямар спортоор хичээллэх вэ гэж бодож суугаа бол нэг нэг сараар хүссэн спорт болгоноор хичээллээд үзэхийг зөвлөж байна. Спорт бүхэнд өөрийн онцлог бий учраас хичээллэх явцдаа тэдгээрээс суралцаж, шинэ эрч хүчийг мэдрэх болно.”

“Зөв хооллох амаргүй…”

Зөв хооллолтын тухай хүн бүхэн ярих болсон ч тэр бүр амьдралдаа хэвшүүлсэн нь цөөхөн. Ука ч гэсэн зөв хооллоно гэдэг хүнээс маш их тэвчээр шаарддаг хэцүү хэмээн ярьсан юм.

Хүмүүс зөв хооллоно гэж яриад хэсэгхэн хугацааг л үүнд зарцуулдаг нь ажиглагдсан хэмээн ярих Ука энэ нь эргээд биед сөргөөр нөлөөлдөг болохыг хэлж байна. Хэсэг хугацаанд зөв хооллож байгаад орхичих юм бол эргээд маш их хоолны дуршилтай болдог гэнэ.

Aqua-Uka

Тиймээс огцом идэж буй хоолондоо эргэлт хийхгүйгээр чимх чимхээр өөрчлөлт хийх хэрэгтэй аж. Бага багаар өөрчлөлт хийхэд биед зуршил болж, эргээд хүнд хоол хүнс хэрэглэж чадахгүй болдгийг Ука туршлага дээрээсээ үндэслэн зөвлөлөө.

Хүн ер нь, биеийн өөхлөг хэсгийг тэжээн тэтгэж байдаг давс, чихэр, хэт тостой хоол хүнсний хэрэглээг багасгаж чадвал энэ нь зөв хооллолт руу дөхөж байгаа хэрэг гэлээ. Укагийн хувьд, эдгээр хүнсний хэрэглээг багасгаад зогсохгүй төмс болон цагаан гурил огт иддэггүй.

Төмс, цагаан гурилан бүтээгдэхүүн нь цавуулаг ихтэй учраас хүний биед ороод шингэхгүй, ходоод гэдсэнд наалданг үүсгэж байдаг сөрөг нөлөөтэй. Харин ислэг ихтэй, биед ороод амархан боловсордог шингэц сайтай бор будаа, бор гурилаар хийсэн гурилан бүтээгдэхүүнүүдийг түлхүү хүнсэндээ хэрэглэдэг байна.

Өглөө цай. Ука өглөө бүр алоетой юм уу, эсвэл зөгийн балтай ус уудаг заншилтай. Үүнийхээ дараа хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болох уурагтай коктейлийг найруулж уудаг байна.

Үдийн хоол. Бага багаар зөв хооллолт руу шилжиж ирсэн Ука гадуур хооллохыг таашаадаггүй болжээ. Тиймээс үдийнхээ хоолыг гэртээ өөрөө бэлдээд аваад явчихдаг аж. Хүн зөв хооллоод ирэхээр амтанд маш мэдрэг болдог учраас гадуур хооллохоор хэтэрхий шорвог, хайрч хуурсан нь мэдрэгдээд эхэлдэг гэлээ.

Оройн хоол. Орой гэр бүлийнхэндээ голдуу ногоогоор баялаг хоолыг хийж өгдөг байна. Өргөст хэмх, улаан лооль, салатны навч зэргийг оливын тос, эсвэл сырээр амтлаад идчихдэг гэнэ.

Shine-nogoonii-salat
Өргөст хэмх, улаан лооль, салатны навч зэргийг оливын тос, эсвэл сырээр амтлаад идчихдэг гэнэ.

“Хоол хүнсээ бага багаар өөрчлөхийн тулд өглөө талх, боорцог иддэг бол үүнийгээ бор гурилан бүтээгдэхүүн болгож, кофе уудаг байсан бол чихрийг нь багасгаж, сүүлдээ чихэргүй болгож, мөн масло иддэг байсан бол цөцгийгөөр солих зэрэг бага багаар хүнсэндээ өөрчлөлт хийх хэрэгтэй. Мөн давс ихээр агуулагддаг даршилсан, нөөшилсөн хүнснээс татгалзахыг зөвлөлөө.”

Aqua-UkaӨдөр тутамдаа түлхүү хэрэглэдэг хоол: Сүши, далайн байцаатай шөл

Өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний ногоо: Лууван, бөөрөнхий болон цэцэгт байцаа, бууцай, өргөст хэмх, улаан лооль

Дуртай амттан: 75% хар шоколад, гүзээлзгэнэ

Жингээ хасч байхдаа хэрэглэдэг хүнс: Тахианы цээж мах, бууцай, цэцэгт байцаа, лууван, өргөст хэмх

Усан бассейнаар хичээллэснээр арьс үргэлж чанга байдаг…

Энэ бол Укагийн толигор, өөгүй цэвэрхэн арьсны нууц. Биеийнхээ арьсыг үргэлж далдалж, нар салхи үзүүлэхгүй байвал арьс амархан сулбайж, хөгширдөг гэдгийг онцоллоо. Тиймээс аль болох нар салхинд биеэ гаргах, халуун ваннд орж, үүний дараа хүйтэн шүршүүрт байнга орох нь биеийг чангалж, залуу байдлаа хадгалж үлддэг гэлээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу