Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Мэргэжлийн боксын IBO холбооны Дэлхийн аварга Н.Төгсцогтой АНУ-ын Лос Анжелес хотоос холбогдон ярилцлаа. 

САЙН БАЙНА УУ? ИД ЗАВГҮЙ ҮЕЭРЭЭ ЯРИЛЦАХ ЦАГ ГАРГАСАНД БАЯРЛАЛАА. ТАНЫГ УДАХГҮЙ БОЛОХ ТУЛААНДАА БЭЛДЭЭД МАШ ЗАВГҮЙ БАЙГАА ГЭЖ СОНСЛОО. БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТ ЖИГДЭРСЭН ҮҮ?

Тийм ээ, би хоёр сард Монголоос ирснээсээ хойш шаргуу бэлтгэлээ хийж байна. Одоо удахгүй нэгэн том тулаан намайг хүлээж байна. Түүндээ бэлдээд маш завгүй байгаа.

Манай клуб дээр яг одоогоор таван мэргэжлийн боксын тамирчин хамт бэлтгэл хийж байгаа. Миний бэлтгэл сургуулилт дээр хоёр дасгалжуулагч тулж ажилладаг.

Энэ нь  нэг дасгалжуулагчтайгаа долоо хоногийн хоёр өдөр өглөө, оройдоо хоёр удаа боксын үндсэн бэлтгэл, нөгөө дасгалжуулагч маань мөн хоёр өдөр нь суурь хүчний бэлтгэл хийлгэдэг.

Үлдсэн өдрүүдэд нь аль болох хүч тамирын дасгалууд хийж өнгөрүүлдэг. Дасгалжуулагч нар маань тамирчнаа ядраахгүй, аль болох эрч хүчтэй тэнцвэртэй бэлтгэл хийлгэх тал дээр маш их анхаардаг.

ТЭМЦЭЭНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЛЭЭС ХУВААЛЦААЧ. ӨРСӨЛДӨГЧ НЬ ХЭН ВЭ? ТАНЫ ЦААШДЫН ЧАНСААНД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ БОЛ?

Миний 14 дэх тулаан тавдугаар сарын 29-нд болно. Манай холбооноос тухайн үед нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно. Миний хувьд тэмцээн болгон чухал. Тийм учраас одоогоор бэлтгэлдээ л илүү анхаарч байна. Тэмцээний талаар удахгүй та бүхэнд албан ёсны мэдээллүүд хүрэх байх.

ТА НУТАГТАА АМРААД ЯВАХ ХЭСЭГХЭН ХУГАЦААНДАА “МЕНТОР ХАБ” ТӨСӨЛД ОРОЛЦООД ЯВСАН. ӨӨРӨӨ МЕНТОР БОЛООД КАМЕРЫН ӨМНӨ АМЖИЛТ, АЛДААГАА ДҮГНЭЭД СУУХ ЯМАР БАЙСАН ВЭ ?

Маш гоё байсан. Туулаад өнгөрсөн зүйлээ ярьсан болохоор сайхан санагдсан. Би өөрөө ч мартсан байсан багынхаа олон дурсамжуудаа санаад, яриад суухад тэр болгонд хамт байсан багынхаа найзтай уулзсан юм шиг мэдрэмж төрсөн.

Өмнө яг ингэж өөрөө бүх тулааныхаа талаар тайлбар хийж, юун дээр алдсан, яагаад амжилттай ялсан гээд өөрийн арга барилаасаа бусадтай хуваалцах боломж олдож байгаагүй юм билээ.

ТУХАЙЛБАЛ ЯМАР АРГА БАРИЛ, ТЕХНИКЭЭСЭЭ ТАЙЛБАРЛАЖ ХҮРГЭСЭН ВЭ?

Тэрийг нэвтрүүлгээс илүү дэлгэрэнгүй үзэх байх аа. Миний хувьд боксын үндсэн бэлтгэлээс илүү бусад сайн тамирчдын тулааны бичлэг ухрааж үзэх нь их том хичээл болдог. Тэр талаараа нэвтрүүлэгт ярьсан байгаа. Ингэж бичлэг үзэх нь миний төсөөлөх чадварыг илүү хөгжүүлдэг. Одоо ч гэсэн өрсөлдөгчийнхөө техникээс суралцаж өөрийгөө яг тэр тамирчинтай рингэн дээр тулалдаж байгаа мэт төсөөлж, цохилт бүрийг нь өөр дээрээ мэдрэх гэж хичээдэг.  Энэ нь надад маш их тус болдог.  Ер нь өмнөх үеэсээ ч суралцах юм их байдаг шүү.

АМЕРИКТ ОЧИЖ, МЭРГЭЖЛИЙН БОКСЧИН БОЛСНООР ТАНЫ СУРЧ МЭДСЭН ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ ЮУ БАЙСАН ВЭ?

Хүний бие эрхтнүүдийн бүтэц, тэдгээрт шаардлагатай эрүүл зөв хооллолтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийн судалж сурсан. Үүнийгээ зөв дасгал сургуулилттай хослуулахад маш өндөр үр дүн үзүүлдэг гэдгийг олж мэдсэн. Монголд ч гэсэн энэ талаар маш их хөгжиж байна лээ. Шигшээ багийн тамирчдад тусгайлан арга зүйч нар ажилладаг болсон нь надад сайхан санагдсан.

БОКС ТАНЫ АМЬДРАЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛСӨН ВЭ. ИРЭЭДҮЙН КАРЬЕРАА ХЭРХЭН ХАРЖ БАЙНА?

Өнөөдрийн надад байгаа энэ амжилт, цол хэргэм бол бүгд агуу спорттой холбоотой. Спорт надад өнөөдрийн байгаа бүх зүйлийг минь өгсөн. Би анх удаа насанд хүрэгчдийн Дэлхийн аваргаас медаль аваад, боксоос маш их урам авсан. Бокс миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөндөө. Харин одоо надад ирээдүй  илүү чухал байна. Би зодог тайлах болоогүй. Өшөө илүү хүрэх, харсан оргил байгаа учраас түүндээ илүү тууштай төвлөрч байгаа. Би ямар ч байсан таван жилийн дараа гэхэд төлөвлөж, төсөөлсөн тэр зүйлийнхээ ард гарчихсан байх болов уу.

ТА ХЭЗЭЭ БУЦАЖ МОНГОЛДОО ИРЭХ БОДОЛ БАЙГАА ВЭ? НИЙТ ХЭЧНЭЭН ТУЛААН ХИЙСНИЙ ДАРААГААР НУТАГТАА ИРЭХ БОЛ?

Хэд хэдэн том тулаан намайг хүлээж байгаа. Бүгд л миний хувьд чухал. Харин одоо болох хамгийн ойрын тэмцээндээ илүү анхаарч байна даа. Амжилтаа улам ахиулна л гэж бодож байна.

ТАНЫ ОРОЛЦСОН “МЕНТОР ХАБ” ТӨСЛӨӨС ЗАЛУУС ЮУ СУРААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?

Өдийг хүртэлх миний спортын замналд бууж өгмөөр, больчихмоор өдрүүд олон байсан. Зөвхөн бэлтгэл сургуулилтаас хамаарахгүй.

Тэмцээнээс гадна хүний амьдрал л юм чинь бэрхшээлүүд олон тохиолддог байсан. Өглөө босоод л тухайн өдрийн сэтгэл санаа таагүй байх өдрүүд ч бий. Өмнө нь сонирхогчийн боксын тамирчин байхад тэр бүрд анхаарч, хазайлгүй яг зөвхөн Олимпын циклдээ төвлөрч, бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан.

Мэргэжлийн боксчин болсноор урдах тэмцээндээ л улайрч байна. Амьдралд юу ч тохиолдсон гол нь өөртөө үнэнч байж, урдаа тавьсан зорилгоосоо хазайхгүй байх л хамгийн чухал. Хүн болгон спортынх биш учраас хэн юу ч хийдэг байсан бай тэр хийж байгаа зүйлдээ л тууштайгаар зүтгээсэй л гэж хүсэж байна. Зарим үед амжилт, бэрхшээл хоёр ойрхон зөрж өнгөрдөг. Хүнд хэцүү  байна гэдгээ анзаараагүй туулаад өнгөрсөн үе ч байдаг.

ЦАГ ГАРГАЖ ЯРИЛЦСАНД МАШ ИХ БАЯРЛАЛАА.

-Баярлалаа. Амжилт хүсье.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу