2020-02-03

УХАНЬ: Арван өдрийн дотор 1000 ортой эмнэлэг сүндэрлэв

wuhan-emneleg-coronavirus
Арван өдрийн дотор 1000 ортой эмнэлэг сүндэрлэв

БНХАУ коронавирус дэгдсэн Ухань хотод арван өдрийн дотор барьсан 1000 ортой эмнэлгээ өнөөдөр /2020.02.03/ нээнэ. Эмнэлгийг «Хошэньшань» хэмээн нэрлэсэн нь коронавирусаар өвчилсөн өвчтөнүүдийг эмчлэх зорилгоор барьсан хоёр эмнэлгийн нэг юм.

Шинэ эмнэлэг нийт 25 мянган метр.кв талбайг эзэлнэ. Анх нэгдүгээр сарын 24-нд барилга барих талбайг цэвэрлэсэн бөгөөд эмнэлэг барих ажил эхэлснээс хойш найман хоногийн дараа ашиглалтад ороход бэлэн болсон аж. Барилгын явцыг дэлхий даяар шууд дамжуулж байсныг 40 сая орчим хүн үзсэн гэнэ.

Хошэньшань эмнэлгийг 2003 онд САРС өвчний дэгдэлтийн үеэр Бээжинд барьсан Шиаотаншан эмнэлгийн туршлагаар барьжээ.

~Арван өдрийн дотор 1000 ортой эмнэлэг сүндэрлэв~

Шиаотаншан эмнэлэг тэртээ 17 жилийн өмнө долоо хоногийн дотор баригдаж, дэлхийн хамгийн хурдан баригдсан барилга хэмээн цоллуулж байсан аж. Уг эмнэлэг өнөөдрөөс /2020.02.03/ эхлэн шинэ төрлийн коронавирус буюу 2019nCoV-аар халдварласан хүмүүсийг хэвтүүлнэ.

БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаачлан халдварт өвчний голомтод ажиллаж байсан туршлагатай 1400 Хятадын цэргийн эмч нар шинэ эмнэлэгт ажиллахаар Ухань хотод хүрэлцэн ирсэн байна.

Дээр дурдсанчлан «Хошэньшань» эмнэлэг коронавирусаар халдварласан өвчтөнүүдийг эмчлэх зорилготой барьж буй хоёр эмнэлгийн нэг бөгөөд хоёр дахь эмнэлгийн барилгын ажил нөгөөдөр /2020.02.05/ дуусна гэв.