АМТАТ ЖОР: Төмрөөр баялаг үхрийн мах

     Мах бол мах шүү дээ, тэд бүгд адилхан гэж бодож яваа бол та том эндүүрчээ. Бүх төрлийн маханд өөр хоорондоо ялгаатай, өөр өөрийн онцлог гэж бий. Үхрийн мах л гэхэд хамгийн их төмөр болон цайрыг агуулдгаараа онцлог. Мөн хүний уураг тархи, мэдрэлийн тогтолцоо, цусны эсийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй В12 амин дэмээр баялаг.

Мэдээж хонь, ямааны махыг бодвол өөх тосны хэмжээ бага тул жингээ барьж буй хүмүүст илүү тохиромжтой. Монголчууд бид ч үхрийн махыг ахуй амьдралдаа өргөнөөр хэрэглэж ирсэн ард түмэн.

Стейкэнд:

-900 гр үхрийн гуяны цул мах
-Давс, хар перец

Салатанд:

-¼ улаан бөөрөнхий сонгино
-¼ олив
-600 гр жижиг улаан лооль
-1 иш багц майлз
-2 ц/х цуу
-2 дусал халуун чинжүүний амтлагч
-2 х/х оливын тос
-½ ц/х майлзын нунтаг үр
-Хар перец

Хийх арга:

1. Үхрийн гуяны цул махаа нэг хүнд оногдох хэмжээгээр хавтгайлан хуваана. Хуваасан махнууддаа давс болон хар перец цацаж амтална.
2. Сайтар халаасан хайруулын тавгандаа амталсан махаа хийн шарна. Хоёр талыг нь шаргалттал нь шарах бөгөөд энэ үедээ галаа багасгаж, бага зэргийн зөөлөн гал дээр шарна. Шарж дуусаад галыг нь унтраан хайруулын тавагны таглааг тавьж, махаа хэсэг амраана.


3. Махаа бүр шүүсгүй, аргуу болготол шарж болохгүй. Ингэвэл амтгүй, стейкийн утга учир алдагдана. Гаднах хэсгийг нь бага зэрэг шаргалтуулаад авах бөгөөд шарсны дараа хэрчихэд бага зэрэг шүүс гарч байх ёстой. Ингээд шарсан стейкээ ширхэгийнх нь дагуу нимгэн хэрчинэ.
4. Салатанд орох ногоонуудаа угаасны дараа хэрчиж бэлтгэнэ. Эхлээд жижиг саванд урт нарийн хэрчсэн сонгиноо хийгээд дээр нь бага зэргийн даршилсан оливын шүүсийг хийгээд холино. Ингээд 10 минут хэртэй амраана.


5. Томхон саванд жижиг хэрчсэн олив, улаан лооль, майлзны навч зэргээ хийгээд амталсан сонгиноо хийн хутгана.
6. Жижиг саванд даршилсан оливын шүүс хийгээд дээр нь хар перец, цуу, халуун чинжүүний амтлагч, бага зэргийн давс хийж холино. Үүнийгээ ногооны салат дээрээ хийгээд сайтар хутга.


7. Ингээд нимгэн хэрчсэн стейкээ таваглаж, хажуугаар нь улаан лоолийн салатаа хачирлан тавина.

 ТА САЙХАН ХООЛЛООРОЙ