Хэрэгцээт КОНТЕНТЫГ хаана газардуулах вэ…

content
Хэрэгцээт КОНТЕНТЫГ хаана газардуулах вэ...

        Үнэ цэнэтэй контент гэж чухам юуг хэлээд байна вэ? Хамгийн энгийнээр контент гэдэг нь тодорхой агуулгын хүрээнд хийгдсэн тодорхой форматтай хүнд хүрч буй мэдээлэл юм. Нийтлэл, Постер, Видео, И-мэйл, Инфографик, E-Book зэрэг бүгд контентод багтана.

Харин үнэ цэнэтэй хэмээсний учрыг тодотгох уу? Контентын үнэ цэнийг хэрхэн үнэлэх вэ? Мэдээж хэрэглэгч талаасаа хэрэгцээт мэдээллийг нь өгч чадаж байвал энэхүү контентыг үнэ цэнэтэй байна гэж үзэж болно. Тэгвэл байгууллага талаас авч үзвэл ямар контентыг үнэ цэнэтэй контент гэх вэ?

Бидний нэвтрүүлдэг инбаунд маркетингийн хувьд контент бол ХААН буюу гол амин сүнс байдаг. Хэрэглэгчид тулгамдаж буй асуудлыг шийдсэн, хэрэгцээтэй контентыг зорилтот хүмүүстээ хүргэж тэдэнтэй эргэх холбоо тогтмол үүсгэж байх нь чухал.

Үүний тусламжтай зөвхөн байгууллагын зорилтот хэрэглэгч нарын анхаарлыг татахуйц контентыг ашиглан бид борлуулалтын сэжмээ бүртгэж, өсгөх боломжтой байдаг. Сүүлийн үед байгууллагууд маш сайн контент бүтээж, түүнийгээ олон нийтэд түгээж байгаа нь сайн хэрэг ч хэн гэдэг ямар хүн, хэзээ ашигласан талаар мэдэхгүй байх нь анзаарагддаг.

Үнэ цэнэ

Энэ нь үнэ цэнэтэй контентынхоо үнэ цэнийг бүрэн дүүрэн гаргаж чадахгүй байгаатай холбоотой. Учир нь байгууллагын хувьд контентын үнэ цэнийг хэмжих гол үзүүлэлт бол сэмжийн бүртгэл юм. Сэжмийн бүртгэл буюу борлуулалтын сэжим гэдэг нь танай байгууллагад нэр, утас, и-мэйл хаяг гэх мэт холбогдох мэдээлэл нь бүртгэлтэй, танай бүтээгдэхүүн үйлчилгээг ирээдүйд худалдан авах боломжтой хүмүүс юм.

Контент, сэжмийн бүртгэл 2 хэрхэн хоорондоо холбогддог бол…

Энэ бол вебсайт, тэр дундаа газардах хуудас юм. Газардах хуудас гэдэг бол зөвхөн танай зорилтот хэрэглэгч нарын сонирхох контентыг байршуулсан, хэрэглэгч тэрхүү мэдээлэлтэй танилцахын тулд тухайн хуудсанд байрших форм дээр өөрийн мэдээллийг бөглөдөг вебсайтад суурилсан хуудас юм. Одоо танд нилээд ойлгомжтой болж байгаа байх. Асуудал шийдсэн хэрэгцээт контент хэрэглэгч талдаа үнэ цэнэтэй, тэрүүгээр дамжуулж та борлуулалтын сэжим татаж байвал байгууллага талаасаа үнэ цэнийг нь 100% гаргаж байна гэсэн үг юм.

Контент аудит

Үнэ цэнэтэй контент байгууллагын хувьд юуг хэлэх вэ? гэдгийг ерөнхийд нь тайлбарлахад ийм байна. Гэхдээ зөв контентоо газардах хуудсан дээр байршуулах нь хамгийн чухал. Үүний тулд бид бүхэн контент аудит буюу байгууллагад буй маш олон мэдээллээс алийг нь хэрэглэгчид олон нийтийн суваг ашиглан үнэгүй хүргэх үү?, алийг нь газардах хуудсанд татаж авахаар байршуулах вэ? гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Контент аудитын тусламжтай байгууллага борлуулалтын сэжим татах боломжтой байсан ч ашиглаж чадаагүй маш олон контентоо тодорхойлж чаддаг. Үр дүнд эдгээрээс алийг нь ашиглах гэдэг нь таны сонголт.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ