Асуулт 1
Сайн байна уу? 3 настай хүү маань байнга доод уруулаа хөхөөд байх юм. Яаж энэ зуршлыг нь болиулах вэ? Таамаглаж байгаа маань хөхнөөс эрт гарснаас болсон юм болов уу гэж бодоод байгаа. Мөн 5 настай хүү маань одоо болтол гараа хөхөөд байх юм? Ер нь муу зуршлыг яаж болиулвал зүгээр вэ?
Сайн байна уу, таны таамаглаж байгаачлан хөхнөөс эрт гаргаснаас болсон байх магадлал өндөр. Том хүүхдэд мөн ижил шинж тохиолдож байгаа нь таны зүгээс хүүхдээ хөхнөөс арай эрт гаргадаг нь ажиглагдаж байна.
Хүүхэд эхийн сүүгээ хөхөх үед амны хөндийн булчингууд хөгжиж, мөн эхийн сүү тэдэнд маш сайхан амттай өлсөж цангасан үед нь цатгадаг зүйл учраас нэг төрлийн баяр баясгалан, сэтгэл ханамж өгч байдаг. Яг энэ үед нь буюу анхаарлаа дараагийн өөр зүйлсэд хандуулж амжаагүй байх үед нь хөхнөөс гаргавал хуруугаа хөхөх шинж илэрнэ. Гэхдээ таван нас хүртэлх хүүхэд хуруугаа хөхөх нь түгээмэл байдаг учир тийм ч их санаа зовох хэрэггүй.
~Хүүхэд тань ГАР ХӨХӨХ зуршлаас салж чадахгүй байна уу!~
Таван наснаас хойш хүүхэд аяндаа хуруугаа хөхөхөө больдог. Харин таван наснаас хойш хуруугаа, уруулаа хөхсөн хэвээр байвал зогсоох хэрэгтэй. Учир нь энэ нь шүдний хөгжилд нь нөлөөлж буруу хэлбэртэй болох, мөн хэлээ хазаж тод биш ярьдаг болох эрсдэлүүдийг дагуулж байдаг. Тиймээс таван настай хүү яг ямар үед хуруугаа хөхөж байгааг сайн ажиглаарай.
Орой унтахдаа юу, эсвэл уйдахааараа юу, өлсөхөөрөө юу гэх мэт. Дараа нь саатуулах, мартуулах үйлдлүүд хийх хэрэгтэй.
Жишээ нь уйдахаараа хуруугаа хөхдөг бол уйдаахгүй байх гэх мэт. Бас хуруу хөхдөгийг болиулдаг хурууны хаалт маягийн зүйлс хүүхдийн дэлгүүрүүдээр зардаг. Түүнийг туршиж үзэж болно. Танд амжилт хүсье!
эх сурвалж: maamuu.mn