ШАР өнгө хүүхдийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг

huuhed-ba-ongo-01
ШАР өнгө хүүхдийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг

     Хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд түүнийг хүрээлж буй орчин, өмсөж буй хувцас, тоглож буй тоглоом зэргийн өнгө шууд нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү? Ийм учраас хүүхдийг тойрон хүрээлж буй зүйлсийн өнгө будагт анхаарах нь чухал аж.

Ногоон, цэнхэр өнгийг ихэнхдээ эрэгтэй хүүхдийнх, харин ягаан, шар зэрэг өнгүүдийг охидуудын өнгө гэж үздэг. Зарим ээж аавууд үүнийг хууль журам мэт даган, өөр бусад өнгө байдаг талаар ч санадаггүй. Үүнд л тэдний алдаа оршиж байгаа аж.

Эрэгтэй эмэгтэй хүүхдүүд ялгаагүй багадаа улаан, цэнхэр, шар гурван гол өнгийг хамгийн сайн ялгадаг байна. Эдгээр өнгө нь хүүхдийн хүрээлэн буй орчинд зайлшгүй байх ёстой гэнэ. Энэ гурван өнгийг зөв зохицуулж чадвал хүүхдийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж, цаашид зөв хүн болж төлөвшихөд нөлөөлдөг.
Эцэг эхчүүдийн дийлэнх нь хүүхдийн унтлагын өрөөний өнгө цагаан байх нь хамгийн зөв сонголт гэж үздэг. Гэтэл нялх хүүхэд цагаан өнгийг ялгаж чаддаггүй ба цагаан өнгийг бусад тод, гүн өнгөнүүдийн тусгал гэж хардаг. Хүүхдийн өрөөний таазыг цагаанаар үлдээж, ханыг өөр өнгөөр будах нь зүйтэй. Түүнчлэн цагаан өнгө нь хүүхдийн ор дэрний даавуу, дөнгөж төрсөн нярай хүүхдийн хувцсанд илүү тохиромжтой.

Улаан өнгө нь ширүүн өнгөнд тооцогдох ба хүүхдэд тохиромжгүй. Хүүхэд улаан өнгөтэй зүйлсээр хүрээлэгдэх үедээ сайн амарч чаддаггүй. Харин хүүхдийн тоглоомд энэ өнгийг ашиглах нь хамгийн тохиромжтой.Хэрэв таны хүүхэд хоолондоо муу бол улаан өнгийн аяга таваг, халбага сэрээ авахыг зөвлөх байна. Энэ өнгө нь хүний хоолны дуршлыг нэмэгдүүлдэг гэнэ. Үүнээс гадна ягаан, улбар шар, улаан өнгөнүүд нь хүүхдийг илүү сэргэг, хөгжилтэй болгодог аж. 1 хүртэлх насны хүүхдэд өдөр тутам өмсөх хувцас худалдан авахдаа улаан өнгөтэй хувцас сонгохгүй байхыг зөвлөдөг.Улаан өнгийн ор дэрний даавууны талаар бодох ч хэрэггүй аж. Учир нь ийм өнгийн ор дэрний даавуутай хүүхэд айх, цочих, уцаарлах, бүр унтахгүй байх ч тохиолдол бий.

~ШАР өнгө хүүхдийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг~

Зөөлөн илүү тайван өнгөний тоонд ногоон өнгө багтдаг. Ногоон өнгө нь хүүхдэд таатай, тайван мэдрэмж төрүүлдэг ба хүүхдийг тань зоригжуулдаг аж. Ногоон өнгө нь оюун ухаан, сэтгэн бодох чадварыг дээшлүүлж, ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг. Ийм ч учраас сэтгэл зүйчид хүүхдийн сурах орчинд ногоон өнгө зайлшгүй байх ёстой гэж үздэг. Хүүхдийн өрөөнд өнгө нэмэхийн тулд тасалгааны ургамлууд ч мөн байрлуулж болно.

Хөх болон цэнхэр өнгөнүүд нь тайвшруулах нөлөөтэй. Эдгээр өнгөнүүд нь сэтгэл зовнил, айдас зэргийг даван туулахад туслахаас гадна хэтэрхий их сэтгэл хөөрөлд автсан хүүхдийг тайвшруулах үйлчилгээтэй аж. Эдгээр өнгүүдээр хүүхдийн унтлагын өрөөг будах нь хамгийн тохиромжтой. Үүнээс гадна хүүхдийн хувцасны шүүгээнд хөх цэнхэр өнгийн ганц хоёр хувцас зайлшгүй байх хэрэгтэй.

Шар өнгө хүүхдийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг. Энэ өнгө нь дулаан уур амьсгал, баяр баясгалантай салшгүй холбоотой учраас сэтгэл сэргээх нөлөөтэй. Идэвхгүй, ичимхий хүүхдүүдэд шар өнгийн хувцас өмсүүлж байвал илүү идэвхтэй, сэргэлэн болдог гэж үздэг байна. Нарны шар өнгө нь үргэлж баяр хөөрийг авчирдаг учраас бага насны хүүхдийн хувьд шар өнгийн тоглоом хамгийн гоё бэлэг болдог.
Ихэнх ээж нар охин хүүхдээ ягаан өнгийн хувцсаар гоёх дуртай байдаг. Эхний хэдэн саруудад хүүхэд энэ өнгийг ялгадаг ч үгүй гэнэ. Харин арай том болсон хүүхдүүдэд хөөрхөн ягаан гутал хувцас тоглоом авч өгч болох ба ягаанаас өөр өнгөнүүд байдаг талаар байнга санаж яваарай.