2019-11-09

Эцэг эхээс удамшдаг 11 хачирхалтай зүйлс

Эрдэмтэд хүнд генээр дамжиж өвлөгддөг хачирхалтай зүйлсүүдийг тогтоожээ. Үүгээр бол эцэг, эхээс нь хүүхдэд сайхан үснээс эхлээд өвчин хүртэл өвлөгддөг аж. Генээр дамжин өвлөгддөг хачирхалтай зүйлсийн талаар сонирхуулъя. Түргэн ааш “Түргэн ааш” гэдэг нэртэй ген байдаггүй боловч энэ зан нь эцэг эхээс өвлөгддөг зүйл байж болно гэж эрдэмтэд үздэг. Түргэн, цочмог ууртай хүмүүсийн хүүхэд нь ч бас тэдэнтэй адилхан байдаг нь элбэг тохиолддог гэнэ. Ерөнхийдөө хүүхэд түргэн, цочмог аашийг хүрээлэн буй орчноосоо буюу эцэг эхийгээ харснаар дуурайдаг гэх боловч удамшлын нөлөө ч бас байдаг ажээ. Америкийн эрдэмтэн Лаура Бевилак, Дэвид Голдман нар түргэн, цочмог уурыг бий болгодог аллель (нэг нь нөгөөгөө харилцан үгүйсгэдэг шинж тэмдгийг нөхцөлдүүлж байгаа генүүд)-ийг нээн илрүүлсэн байна. Тэд мөн ийм төрлийн аллель хүнд маш олон байгаа гэдгийг таамаглаж байгаа боловч үүнийг судлахад багагүй хугацаа, хүн хүч шаардлагатай аж. Нойр Хүний хэзээ, хэр удаан унтах нь удамшилтай холбоотой байдаг аж. Нойргүйдэл нь ихэвчлэн стрессээс үүдэлтэй байдаг боловч унтах дадал зуршил тань удаан хугацаагаар хадгалагдаж, огт өөрчлөгдөхгүй байвал энэ нь гентэй л холбоотой байж таарах нь. Уур уцаар Дээрэнгүй, бүдүүлэг зан чанарыг судлаачид ихэвчлэн хүний өсч, торнисон орчин нөхцөлтэй холбож тайлбарладаг боловч энэ нь бие дэх “дайчны ген”-тэй холбоотой гэнэ. Энэхүү ген нь хүнийг уур уцаартай, дээрэнгүй болгох, мөрийтэй тоглоомонд татагдах зэрэг муу зүйлд уруу татагддагийн шалтгаан болж байна. Хурц гэрэлтэй үед найтаах зуршил Нүдний торлог бүрхэвчид хурц гэрэл тусах үед найтаадаг энэхүү хачирхалтай зуршил нь дэлхийн нийт хүн амын 18-35 хувьд тохиолддог байна. Үүнийг 2010 онд генетикийн судлаач эрдэмтэд 10,000 хүний генд хийсэн судалгаагаар нотолсон бөгөөд судлах явцдаа хурц гэрэлтэй үед найтаах зуршилтай холбоотой 2 төрлийн генийг олж илрүүлжээ. Клинодактили Клинодактили нь чигчий хурууны дунд үе богиносон, дотогш муруйх шинж тэмдэг бөгөөд энэ нь ихэвчлэн хүнд эцэг эхээс нь удамшдаг байна. Хэрвээ муруйлт нь хэт их биш, өдөр тутмын ажилд нь саад учруулахааргүй бол насаараа ч ийм хуруутай явж болдог боловч бусад тохиолдолд үүнийг хагалгаагаар эмчилдэг байна. Чихний омгийн хэлбэр Хүний чихний омог нь нээлттэй болон хаалттай хоёр янз байдаг. Судлаачид өмнө нь үүнийг рецессив болон доминант гений сонгодог жишээ хэмээн итгэдэг байсан боловч чихний хэлбэрт нөлөөлдөг хэд хэдэн төрлийн ген байдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс чихний омогны хэлбэр бол гарцаагүй эцэг эхээс удамшдаг зүйлсийн нэг байна. Өндөрлөг газрын ген Өндөрлөг газар агаарын даралт бага байдаг нь биед байх хүчилтөрөгчийн хэмжээ бага байхад нөлөөлдөг. Харин бүх насаараа нам дор газар амьдарч байсан хүн өндөр ууланд гарахаар хүчилтөрөгчийг зөөвөрлөх үүрэгтэй цусны улаан эсийнх нь тоо нэмэгдэн, цус өтгөрч, зүрх судасны өвчин тусах магадлалыг ихэсгэдэг байна. Өмнө нь үүнийг “уулын өвчин” хэмээн нэрлэдэг байжээ. Насжилт Өндөр наслах тухай асуудал бол эртнээс нааш эрдэмтдийн хамгийн ихээр анхаарал татсан асуудлуудын нэг байсан билээ. Бусдаас илүү өндөр насалдаг хүмүүс мэргэжил, боловсрол, орлого гэх мэт зүйлсээрээ огт адилгүй боловч тамхи татдаггүй байх, стрессийг даван туулах, туранхай байх зэрэг зуршилтай холбоотойг судлаачид олж мэджээ. Мөн хамгийн сонирхолтой нь урт насалдаг хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд аж. Гэр бүлийнх нь ихэнх хүмүүс өндөр насалдаг, хөгшин хүмүүст элбэг тохиолддог өвчин буюу зүрх судас, үе мөчний өвчин нь удамшилтай холбоотой байдаг байна. Хөлрөх Энэ хачин сонсогдож байж болох ч хүний хэр их хөлөрдөг нь ч бас удамшлын хүчин зүйлтэй холбоотой аж. Гэхдээ яг ямар ген хөлрөлтийн удамшлын мэдээллийг агуулдгийг одоогоор тогтоогоогүй ажээ. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх үед хүн бүр л хөлөрдөг. Гэхдээ цаг агаарын нөхцөл ямар байгааг үл харгалзан байнга хөлөрдөг бол энэ нь гарцаагүй эцэг эхээс тань удамшин ирсэн гентэй холбоотой байх нь. Мөн хэт их хөлрөх нь нэг төрлийн өвчин ч байж болох тул энэ тохиолдолд та эмчид хандах хэрэгтэй. Хараа муудах Эцэг эхийнх нь хэн нэг нь хараа муутай бол хүүхэд нь ч бас хараа муутай байх магадлал өндөр аж. Тэр дундаа эцэг эхийнх нь ойрын хараа муу байх нь хүүхдэд нөлөөлөх нь элбэг юм байна. Гэхдээ хүний нүдний хараанд орчны хүчин зүйлсийн нөлөө ч бас бий . Таргалалт Хүний биеийн массын индекс нь удамшлаас ихээхэн хамааралтай байдаг. Мэдээж амьдралын хэв маяг ч бас үүнд нөлөөлж байгаа боловч нийт таргалалтын 70 хувь нь тэдний гентэй холбоотой ажээ. Энэ төрлийн “азгүй” ч гэх юм уу гентэй хүмүүс таргалалтад өртөх магадлал өндөр байдаг боловч үүнтэй холбоотой нэгэн алтан дүрмийг мөрдвөл зайлсхийх бүрэн боломжтой. Идэж байгаагаасаа илүү калорийг шатаа! Хэрвээ та түргэн цочмог ааш, таргалалт зэрэг зүйлсийг эцэг эхээсээ өвлөх магадлалтай бол үүнд бухимдах хэрэггүй. Учир нь орчны хүчин зүйлс болон таны хүчин чармайлт хэзээд чухал нөлөөтэй байх болно. Харин та эцэг эхээсээ ямар зүйлийг нь өвлөж авсан бэ?

TAGS: