Ардын уран зохиолч Бөхийн Бааст бурханы оронд заларч, монголын боловсрол соёл, утга зохиолын ертөнцөд хүнд гарз тохиолоо.
Б.Бааст 1921 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн. 1942-1944 онд МУИС-ийн Мал эмнэлэг, зоотехникийн анги, 1952-1955 онд Марксисм-Ленинизмын оройн их сургууль, 1962-1964 онд Москвад Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд курст төгсчээ.
МХЗЭ-ийн төв хороонд “Хувьсгалт залуучуудын эвлэл” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, эвлэлийн төв хорооны хэвлэлийн эрхлэгч, Урлагийн хэрэг эрхлэх газар, Зохиолчдын төв хороо, Кино үйлдвэр, Дүрслэх урлагийн газрын эвлэлийн үүрийн даргаар тус тус ажилсан байсан.
Б.Бааст уран бүтээлээ 1936 оноос зохиол бүтээл бичиж эхэлж 80 гаруй жил туурвихдаа “Гэнэн хонгор цаг”, “Дарьсүрэн”, “Хүрлээ”, “Намрын уянга”, “Хангайн бор”, “Хөвчийн бор” зэрэг олон тууж, “Мандухай цэцэн хатан”, ”Цогийн идэр нас” /Ц.Цэдэнжавтай/ жүжгүүд, олон арван өгүүллэг, найруулал, тэмдэглэл, дурсамж, шүлэг, дууны үг, хүүхдийн: “Хар мазаалай“, “Чоно”, “Бороо”, “Халзан бухандай”, “Бушуу туулай” зэрэг тууж, өгүүллэгийн 70 гаруй номууд бичжээ. Мөн хүүхдийн 20 гаруй ном хэвлүүлсэн байна.
Тэрээр голдуу байгаль хамгаалах дэлхий ертөнц, амьтдын амьдралын түмэн нууцыг нээн уран сайхны аргаар өгүүлэхийн гайхамшигтай үлгэр дуурайллыг үзүүлж байсан ахмад сэхээтэн нэрт соён гэгээрүүлэгч билээ.
~Ардын уран зохиолч Б.БААСТ таалал төгслөө~
Б.Бааст нь “Мандухай цэцэн хатан”/хамтарсан бүтээл, “Цогийн идэр нас”, “Ийм нэгэн хаан байжээ”, “Арвижын гэр бүл”, “Хань нөхөд”, “Хадатын фермийн таван хүүхэн” /хамтарсан бүтээл/, “Мянган тэмээтийн хүү”, “Хатан баатар Магсаржав”, “Хоёр дусал нулимс”, “Өгөөмрийн Сүрэнжээ”, “Би яах вэ” зэрэг жүжиг, киноны зохиол бичиж тайз дэлгэцнээ тавьсан байна.
Түүний бүтээл туурвилыг Төр засаг, мэргэжлийн байгууллагаас үнэлж 1966 онд “Намрын уянга” “Дарьсүрэн” туужаараа Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1969 онд “Хангайн бор” “Намрын уянга” номоороо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1999 онд Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, 2008 онд “Ардын уран зохиолч”, 2018 онд “Хөдөлмөрийн баатар” цол шагналаар тус тус шагнажээ.
Зохиолч Б.Баастын ажилч хүчээнгүй нягт чанар, хүнлэг энэрэнгүй ариун сэтгэл, намуун дөлгөөн зан чанар, эрдэмд гэгээрсэн эгэл төрх тань монголын боловсрол, соёл, утга зохиолын хүрээлэл, монголын ард түмний өнө мөнхийн түүхэнд ямагт гэрэлтсээр байх болно.
Ум сайн амгалан болтугай