Дахин цэргийн алба хаагч амиа алдлаа!

nalaih-elstei
Дахин цэргийн алба хаагч амиа алдлаа!

Он гарсаар цэрэг нас барсан гурав дахь тохиолдол гарлаа. Тодруулбал, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г өнгөрсөн сарын 28-нд ангийнхаа элс ачсан “Зил-130” машинд дайруулж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг Налайхын элсний карьер орчимд гарчээ.

Талийгаач машины дугуйнд ивээс хийж байх үед гэнэт хөдөлж, түүнийг дайрсан аж.

Эргэн сануулахад, өмнө нь Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг зодуулсны улмаас нас барсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ны өдөр гарсан.

Батлан хамгаалах яамнаас тус ангийн хариуцлага алдсан албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Дараа нь Увс аймаг дахь хилийн 0311 дүгээр ангийн хилийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Ц.В өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд харуулын байрлалаа орхиж, морьтойгоо алга болсон.

Дээрх байлдагч хил давсан бөгөөд нас барсан гэдэг нь тогтоогдсон юм.