Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталлаа.
Энэ тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулан 153482,37 га газар өргөтгөн нийт 896540,37 га газрын байгалийн нөөцийн ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар болж байна.
~Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад бүрэн авлаа~
Энэхүү шийдвэртэй холбогдуулан Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны 91 дүгээр “Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай” тогтоолыг хүчингүй болголоо. Улсын тусгай хамгаалалтад авсан газрын хилийн заагийг тогтоож буй газартай хэсэгчилсэн болон бүрэн давхцалтай ашигт малтмалын хайгуулын долоон тусгай зөвшөөрөл байна.
Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд бүхий ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсэг нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт тавих, лиценз олгохдоо хууль зөрчсөн байх магадлалыг шалгах юм.