Монгол Улсад болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ-ий медальтнууд маргааш тодорно. Д.Сүхбаатарын талбайд болж буй “FIBA 3×3 U18 World Cup 2019” тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөж байна.
Өчигдөр эмэгтэй багуудын хэсгийн сүүлийн тоглолтууд болж, шилдэг найман баг тодорсон. Монгол Улсын эмэгтэй баг “С” хэсэгт Голландыг 11:10 оноогоор хожин, ДАШТ-ий анхны хожлоо авлаа. Энэ хожил Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тодоор бичигдэн үлдэх хожил болсон юм. Өмнөх тоглолтод Чехэд нэг оноогоор /14:13/ ялагдсан манай охид өчигдөр хөгжөөн дэмжигчдээ баярлуулж чадлаа.
“С” хэсгээс Франц, Филиппиний багууд тэргүүлж, хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болсон.
Эрэгтэй 20 багаас Монголын баг мөн “С” хэсэгт АНУ, Гүрж, Беларус, Латвийн багуудтай багтсан. Манай залуус эхний тоглолтод Латвийг 20:16-аар, Беларусыг 21:15-аар хожиж, томоохон шуугиан тарьсан. Энэ хэсгийн сүүлийн тоглолт өнөө орой болж, цааш өрсөлдөх хоёр баг тодорно. Одоогоор АНУ, Монголын баг хоёр хоёр хожилтой тэргүүлж байгаа бол Гүрж нэг хожилтой удаалж байна. Харин Латви, Беларус хоёр хожигдолтойгоор хэсгийн сүүлд бичигдсэн.
18 хүртэлх насны ДАШТ-д өрсөлдөж буй Монгол Улсын багт А.Батхуяг, Л.Авирмэд, Ө.Пэрэнлэйжамц, Ш.Энхийн-Од нар тоглож байна. Дасгалжуулагчаар С.Тулга тэргүүтэй дасгалжуулагчид ажиллаж байгаа бөгөөд тэд ДАШТ-ийг хоёр хожилтойгоор амжилттай үргэлжлүүлж буй юм.
Монгол Улсад анх удаа багийн төрлийн ДАШТ болж байгаатай холбогдуулан Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрөл хариуцсан Гүйцэтгэх захирал Алекс Санчес, хөгжил хариуцсан менежер Роберт Реблингер нарын мэргэжилтэнүүд манай улсад хүрэлцэн ирсэн. Мөн олон улсын зэрэглэл өндөр шүүгч нар тэмцээнийг шүүн явуулж байна.
Өнөөдөр Монгол – Гүрж 18:30, Монгол – АНУ 20:30 цагуудаас тоглох хуваарьтай.