Нэрт бөх Н.Жамъян аваргын мэндэлсний 120 жилийн ойд зориулсан аварга цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр /2019-05-27/ Монгол бөхийн өргөөнд боллоо.
Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх уран мэхийг уралдуулан барилдснаас улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын начин Д.Анар үзүүрлэв. Шөвгийн дөрөвт улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Д.Аззаяа нар шалгаран үлджээ.
Дашрамд сонирхуулахад, Үндэсний спортын гавьяат тамирчин, Даян аварга ард олондоо “Буур” хэмээн алдаршсан Нацагийн Жамъянгийн мэндэлсний 120 жилийн ой өнөө жил тохиож байна.
Ардын засгийн жилүүдэд Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ эр бяр, хүч чадлаа гайхуулж, домог болон мөнхөрсөн алдарт бөх Н.Жамъян нь төрийн их баяр цэнгэл наадамд 2 удаа түрүүлж, 1 үзүүрлэн нийтдээ 12 удаа шөвгөрсөн, арал бяр хүч чадал, нөмөр нөөлөг, үлгэр дуурайллаараа түмэн олондоо хайрлагдан хүндлэгдсэн домогт аварга билээ.