Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор цаа буга 2396 болж өссөн байна. Тодруулбал Тайгад жилийн дөрвөн улиралд цаа бугаа маллан амьдарч байгаа цаатан иргэд 2006 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор 814 толгой цаа буга тоолуулж байсан бол 2018 оны жилийн эцэст 85 өрх 2396 толгой цаа бугатай болж тоо толгой нь 3 дахин нэмэгджээ.
Өнөөгийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд 2006 хүн амтай. Үүнээс 755 тува иргэд байдгаас 339 баруун, зүүн тайгад амьдарч цаа маллаж, улсаас тэтгэвэр авдаг байна.
~Цаа бугын аж ахуйг хөгжүүлэх зорилгоор “Цаатны наадам-“2000 цааны баяр” боллоо~
Монгол улсын цаа бугын тоо толгой өссөн түүхэн үйл явдлыг тэмдэглэн Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор цаатан иргэдийн ёс заншил, соёл уламжлалыг олон нийтэд хүргэх, цаа бугын аж ахуйг хөгжүүлэх зорилгоор “Цаатны наадам – 2000 цааны баяр”-ын арга хэмжээг Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд 8 дугаар сарын 16,17 өдрүүдэд зохион байгууллаа. Энэ арга хэмжээний нээлтэд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле оролцож, үг хэлэв.
“Цаатны наадам-2000 цааны баяр”-ын арга хэмжээнд баруун, зүүн тайгын цаатнууд 1200 гаруй цаатай ирж ёс заншил, соёл уламжлалыг сурталчилан оролцов. Мөн ОХУ-ын Улаан-Үдэ хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны тува иргэд хүрэлцэн ирж оролцсон юм.
Тус арга хэмжээний хүрээнд Монгол, Тува үндэсний бөхийн барилдаан, Этэр болон янзагын уралдаан, цаан поло, тэвэг самар шийдэх, цаа дэлсэх, цаатан иргэдийн үндэсний онцлог, соёл ёс заншлыг харуулсан ардын авьяастнуудын тоглолт болсон юм. Мөн наадмын үеэр үндэсний урлалын бүтээгдэхүүнийг дэлгэн харуулсан худалдаа гарсан байв.