​Дэлхийн томоохон компаниуд хөл хорионы үеэр дараах онлайн үйлчилгээг үнэгүй болгожээ

Дэлхий дахинд “COVID-19”-ийн дэгдэлт цар тахлын хэмжээнд хүрч, олон улс орон хилээ хааж, хөл хорионы арга хэмжээ хэрэгжүүлснээр сургууль, нийтийг хамарсан арга хэмжээнүүд хязгаарлагдаж, хүмүүс гэртээ тусгаарлагдахаас өөр аргагүй болсон.

Гэртээ тусгаарлагдах нь олон хүний амьдралын хэв маягт нөлөөлж, хүнд тусаж байгаа ч үүнийг боломж гэж харан, цагийг өөртөө ашигтай, үр дүнтэйгээр өнгөрөөж байгаа хүмүүс олон байх аж. Үүссэн нөхцөл байдлыг овжин ашиглаж технологийн тусламжтай бизнесүүдээ амжилттай сурталчилж, олон хэргэлэгчдийг өөртөө татаж буй компаниуд ч байна.

Тиймээс та бүхэнд цар тахлын дэгдэлтийн үед гэртээ тусгаарлагдсан иргэдэд хамгийн гайхалтай үйлчилгээнүүдийг санал болгож байгаа дараах “үнэгүй” боломжуудыг танилцуулж байна.

Кембрижийн их сургууль болон Нью-Йорк хотын нийтийн номын сангуудын цахим хувилбарыг үнэгүй унших боломжтой

Нью-Йорк хотын нийтийн номын сан гэртээ тусгаарлагдсан номын хорхойтнуудад зориулан 300000 гаруй цахим ном болон 800000 орчим түүхэн тэмдэглэл, гэрэл зураг, газрын зураг, гар бичмэл зэргийг багтаасан “SimplyE” онлайн номын санг “iOS” болон “Android” үйлдлийн системтэй төхөөрөмж бүхий хэрэглэгчдэд санал болгожээ. Хэрэглэгчид цахим номын сангаас гурван ном үнэгүй унших боломжтой ч харамсалтай нь зөвхөн Нью-Йорк хотын нийтийн номын сангийн карттай үйлчлүүлэгчдэд энэхүү боломжийг эдлэх боломжтой аж. “SimplyE” аппликешн татаж авах – iOSAndroid

Английн Кембрижийн их сургууль өөрсдийн “Cambridge Core” онлайн номын сан дахь 700 гаруй хэвлэлийг ирэх тавдугаар сарыг дуустал үнэгүй унших боломж олгосон. Үнэгүй унших боломжтой номуудын дийлэнх хэсгийг шинжлэх ухаан, утга зохиол, түүхийн холбогдолтой хосгүй бүтээлүүд эзэлж байгаа аж.

Дашрамд дурдахад дэлхий маш олон орноос хандалт хийгдэж байгаагаас шалтгаалан тус онлайн номын сангийн сервер ачааллаа дийлэхгүй гацах, үйл ажиллагаа нь хэсэг зуур доголдох зэрэг асуудлууд үүсэж байгааг танд сануулъя.

Технологийн салбарын тэргүүлэгчид болох “Google”, “Microsoft” компаниуд гэрээсээ ажиллаж буй дэлхийн олон сая хэрэглэгчддээ зориулан онлайн хурал, уулзалт хийх платформуудаа үнэгүй болгов.

Цар тахлын улмаас маш олон хүн гэрээсээ ажиллах шаардлагатай болж буй. Зарим нь одоог хүртэл учраа олохгүй байгаа бол олон хүн аль хэдийн гэрээсээ ажиллаж даджээ. Энэхүү байдал нь цаашид гэрээс ажиллах боломж бүхий ажлын байруудын хувьд том өөрчлөлт авчрахуйц туршлага болж байгаа талаар мэргэжилтнүүд онцолсон байна.

Технологийн салбарын “TechWare” сэтгүүлийн хийсэн судалгаагаар “COVID-19”-ийн дэгдэлт эхэлснээс хойш дэлхийн хэмжээнд онлайн хурал, уулзалтын үйлчилгээ үзүүлэгч видео, аудио платформуудын хэрэглээ бараг хоёр дахин нэмэгдсэн байна. “Yahoo Finance”-ын тайланд дурдсанаар зөвхөн БНХАУ-ын Ухань хот тусгаарлалтад орж, иргэд гэрээсээ ажиллахаас өөр аргагүй болсон өнгөрөгч нэгдүгээр сард л гэхэд дэлхий дахинд өдөрт нэг тэрбум цагийн онлайн хурал, уулзалтууд зохион байгуулагдаж байжээ. Бүр 250 хүртэлх хүн оролцсон том хэмжээний, олон улсын шуурхай хурлуудыг зохион байгуулах шаардлага тулгарч байгаа аж. Өнөөдрийн байдлаар АНУ, Канад, Австрали болон Европын томоохон орнуудад хөл хорионы дэглэм хэрэгжиж эхлээд байгаа нь энэ зах зээл огцом тэлэх, салбарын бизнесүүдийн хувьд хэрэглэгчдийн тоогоо нэмэгдүүлэх таатай нөхцөлийг олгожээ.

Энэхүү байдлыг овжноор харсан “Microsoft”, “Google”, “Zoom Communication” зэрэг технологийн салбарын тэргүүлэгч компаниуд өөрсдийн онлайн хурал, уулзалтын платформуудын үйлчилгээг тодорхой хугацаанд үнэгүй ашиглах боломжийг хэрэглэгчдэд олгожээ. Хамгийн гол нь үнэгүй ашиглуулахын давуу тал нь цаашдын тогтвортой хэрэглэгчдийг татах суурь болох аж.

“Microsoft Teams” платформыг зургаан сарын турш үнэгүй ашиглах боломжтой болсны дараа хэрэглэгчдийн тоо гуравдугаар сарын эхний долоо хоногт 20 хувиар огцом нэмэгдсэн байна. Харин “Zoom Communication”-ын онлайн хурал, уулзалтын “Zoom Cloud Meetings” платформыг хэрэглэгчдийн тоо хоёрдугаар сард 20 хувь нэмэгдэж, компанийн нэгж хувьцааны ханш хүндхэн сорилтуудтай нүүр тулаад буй хөрөнгийн зах зээл дээр өсөлттэй байгаа цөөн хэдэн хувьцааны нэг болжээ.

Тэгвэл технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч “Google” компани хэрэглэгчдэд зайнаас ажиллах боломжийг санал болгодог “G Suite” үйлчилгээг ирэх зургадугаар сарын 1-н хүртэл үнэгүй ашиглах боломжтой болгосон. Тэдний давуу тал нь 250 хүртлэх хүмүүс нэгэн зэрэг холбогдон хуралдах боломжийг олгож байгаа явдал юм. Үүний үр шимийг хамгийн ихээр хүртэж буй хүмүүс бол сургуулиуд хаагдсантай холбоотой гэрээсээ хичээллэж байгаа сурагчид аж.

“Microsoft Teams”  татах: iOSAndroidWindows

“Zoom Cloud Meetings” татах: iOSAndroidWindows

Насанд хүрэгчдийн “PornHub” вебсайт Италийн хэрэглэгчдэд үнэгүй үйлчилгээ санал болгожээ

Итали улсын 60 сая иргэн хөл хорионд ороод байгаа юм. Тэгвэл дэлхийд тэргүүлэгч насанд хүрэгчдийн “PornHub” веб сайт гуравдугаар сарын турш тус улсаас хандаж буй хэрэглэгчдэд үнэгүй үйлчилгээ санал болгож, энэ хугацаанд “ModelHub” үйлчилгээнээс олсон бүх орлогоо “COVID-19”-тэй тэмцэх ажилд зориулан Итали улсад хандивлахаа зарласан. Гэсэн ч олон хүн тус веб сайт нь сүүлийн үед нэр холбогдох болсон бүсгүйчүүдийн эмзэг бичлэгийг зөвшөөрөлгүй өөрийн платформдоо байршуулдаг, хүний наймаа, бэлгийн хүчирхийллийн сэдэл болдог зэрэг сөрөг асуудлуудаа зөөлрүүлэх маркетинг хийж байна хэмээн үзэж байгаа аж.

Бараг бүх онлайн стрийминг үйлчилгээнүүд үнэгүй болон хямдралтай үзвэрүүдийг санал болгожээ

Шинэ коронавирусийн улмаас дэлхийн эдийн засаг маш их хохирол амсаж буй. Тэгвэл энэ хүнд үед “Netflix”, “HBO Go” тэргүүтэй томоохон онлайн стрийминг үйлчилгээнүүд хамгийн ашигтай ажиллаж байна. Мөн шинээр гарч ирж буй тэдний өрсөлдөгчид ч хэрэглэчдийн тоогоо нэмэх сайхан боломж гарч ирж зарим үзвэрүүдээ үнэгүй болгох болон хямдралуулыг санал болгожээ.

Тухайлбал, Их Британийн телевизийн сувгууд болон сониохолтой кино, цувралуудыг санал болгодог “AcornTV” шинэ хэрэглэгчиддээ зориулан “FREE30” гэх кодыг ашиглан 30 хоногийн турш тус платформыг үнэгүй ашиглах боломж олгож байгаа аж. Мөн үнэгүй ашиглах хугацаа дууссаны дараа сар бүр зургаан ам.доллар эсвэл жилд 60 ам.долларын хөнгөлттэй нөхцөлтэй үйлчилгээ санал болгожээ.

“Sundance Now” платформ мөн шинэ хэрэглэгчддээ “SUNDANCENOW30” кодын тусламжтай 30 хоногийн турш үнэгүй ашиглах боломж олгожээ. Харин үүний дараа сар бүрийн долоон ам.долларын захиалгаа таван ам.доллар болгох хөнгөлөлттэй нөхцөл санал болгох аж.

“Sling TV” өөрийн платформ дээр байрлах дийлэнх үзвэрүүд үнэгүй болгосны дотор гэр бүл, хүүхдүүдэд зориулсан олон сонирхолтой кино, цувралууд багтжээ.

Зайнаас суралцах цогц шийдлүүд өөрсдийн давуу талаа харуулж байна 

Цахим боловсролын “iTeach.world” компанийн тооцоолсноор дэлхий дахинд тус онлайн сургалтын платформын хэрэглээ сүүлийн хоёр долоо хоногт 4000 хувь өссөн байна. Хэрэглэгчдэд виртуал сургалтын орчин санал болгох чиглэлд тэргүүлж буй тус компани “COVID-19”-ийн дэгдэлтийн үед ч маш олон хэрэглэгчидтэй болсны дийлэнх нь сургуулиуд нь карантилагдсан сурагчид байгаа аж.

Тэднээс гадна өөрсдийн давуу талаа харуулж чадсан зайнаас суралцах боломжийг хэрэглэгчдэд санал болгодог “RAFTR”, “Aula”, “Intergreat” зэрэг платформуудын хэрэглэгчид эрс нэмэгдэж байгаа аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар “COVID-19”-ийн сайн тал бол ирээдүйн иргэд хүссэн газраасаа суралцах боломжтой гэдгийг нотлон харуулж байгаа явдал аж.

Эх сурвалж: The Quartz, The Guardian, TechWare, WMMR, Time Out, The Pie News

TAGS: