Их Британийн Төв банк өнгөрөгч долоо хоногт цар тахлын улмаас 2020 онд тус улсын эдийн засаг 14 хувиар буурч, ажилгүйдлийн төвшин хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулсан.
Их Британийн Төв банк өнгөрөгч долоо хоногт цар тахлын улмаас 2020 онд тус улсын эдийн засаг 14 хувиар буурч, ажилгүйдлийн төвшин хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулсан.
Судалгааны тайланд 2020 оны хоёрдугаар улиралд Их Британийн ДНБ 25 хувиар буурах урьдчилсан таамгийг танилцуулсан. Энэ нь тус улсын сүүлийн 300 жилийн түүхэн дэх эдийн засгийн хамгийн гүн хямралын хэмжээ юм. Үүнээс өмнө XVIII зуунд буюу 1706 онд Их Британийн эдийн засаг 15 хувиар буурсан үзүүлэлттэй гарч байсан нь түүхэн дэх хамгийн тааруу үзүүлэлт аж.
Тэгвэл “YouGov” судалгааны хүрээлэнгийн явуулсан санал асуулгад оролцсон Их Британийн иргэдийн 80 хувь нь Засгийн газар цар тахлын үед эдийн засгаас илүүтэй иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажлуудыг түрүүлж хийх ёстой гэж хариулжээ. Тухайлбал, Английн иргэдийн 81 хувь, Уэльсийн иргэдийн 87 хувь, Шотландын иргэдийн 89 хувь нь Засгийн газар иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг эдийн засгаас түрүүнд тавих ёстой гэсэн байна. Харин Английн иргэдийн 12 хувь, Уэльсийн иргэдийн 9 хувь, Шотландын иргэдийн 5 хувь нь эдийн засгийг нэгт тавих шаардлагатай хэмээн хариулсан бол үлдсэн хэсэг нь мэдэхгүй гэжээ.
Ашгийн бус “Positive Money” байгууллага Их Британийн Засгийн газар ард түмнийхээ санаа бодол, бодит статистик, мэргэжилтнүүдийн дүгнэлтэд тулгуурлан иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд чиглэсэн бодлого боловсруулахыг уриалсан юм. Тус байгууллагын захирал Фрэн Бойт энэ талаар “Иргэдийн олонхи нь эрх баригчид эдийн засгийн өсөлтөөс илүүтэй хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд анхаарал тавих ёстой гэж үзэж байна. Тиймээс Засгийн газар эдийн засгийг дэмжих бодлого хэрэгжүүлэхийн тулд иргэдийн амь нас, эрүүл мэндийг золиослох ёсгүй” гэсэн байна.
Гэсэн ч зарим судлаачдын хувьд нэгэнт эдийн засгийн гүн хямралд шигдсэн тохиолдолд ажилгүйдэл, ядуурлаас болж гарах сөрөг үр дагаврууд цар тахлаар амь насаа алдсан хүмүүсийн тооноос давж гарна. Тиймээс Их Британийн 67.8 сая иргэдийн ирээдүйд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх ёстой гэх байр суурийг илэрхийлсээр байгаа юм.
Эх сурвалж: BBC