“Найрамдал” зусланд хууль бусаар газар эзэмшиж байгаа зарим аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийн эрхийг цуцаллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыын явуулын байр /автобус/ өнөөдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд ажиллалаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Ц.Тулга,  Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай  болон бусад албаны төлөөлөл “Найрамдал” зуслангийн орчимд үүсээд буй газар олголтын асуудлаар газар дээр ажиллан холбогдох шийдлийг гаргалаа.

НИТХ-ын 2009 онд тогтоол гарган цогцолборын тусгай хэрэгцээнд байсан 5220 га газрын 1220 га-г “Найрамдал” цогцолборт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл энэ га газраас 124 аж ахуйн нэгжид газар олгогдсон байгаа аж. Эндээс өнөөдөр хотын Захирагч нөхцөл байдалтай танилцан, одоогоор барилга, байгууламж бариагүй байгаа зарим аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийг цуцалсан юм. Цаашид үлдсэн  аж ахуйн нэгжийн мэдээлэл, газрын зөвшөөрөл, холбогдох бичиг баримтыг гаргаж, яаралтай танилцуулахыг Хотын захирагчийн зүгээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Найрамдал зусланд үлдсэн 1220 га газраас иргэд, аж ахуйн нэгжийн өмчлөлд өгсөөр байгаа нь цогцолборын үйл ажиллагаа доголдох, хүүхдүүдийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймээс хууль бусаар газар эзэмшиж байгаа зарим аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийг өнөөдөр цуцлах шийдвэр гаргалаа. Энд үүссэн газар олголтын хууль бус нөхцөл байдлын улмаас бидний ганц урдаа барьдаг олон улсын хүүхдийн Найрамдал  зусланд хүүхдийн аюулгүй байдал, ая тухтай орчин гэж ярих боломжгүй  нөхцөл үүссэн  байна. Гэхдээ бид туйлширч болохгүй. Баялаг бүтээж, ажлын байр бий болгож байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийг шууд буруутгахгүйгээр эхлээд хууль бусаар энэ газрын зөвшөөрлийг олгосон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох нь зүйтэй” гэсэн юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

TAGS: