Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын Политехник Коллежийн
Дүрслэх Урлагийн мэргэжлээр төгсөгчдийн
“Хүслийн жигүүр”үзэсгэлэн
Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн Дүрслэх Урлагийн мэргэжлийн төгсөгчдийн “Хүслийн жигүүр” уламжлалт үзэсгэлэн нээгдэж байна. 2018-2019 оны хичээлийн жилд Үйлдвэрлэлийн график дизайн, Үнэт эдлэлийн дархан, Чимэглэх урлаг, Монгол дархан мэргэжлийн нийт 26 төгсөгч дипломын ажлаа дэлгэн үзүүлж байна.
Манай сургууль 1995 оноос Дүрслэх урлагийн мэргэжлийн сургалтыг тасралтгүй явуулж байна. Улсын хэмжээнд сургалт явуулж байгаа Мэргэжлийн боловсролын 83 сургуулиудын дундаас тус сургууль нь Дүрслэх Урлагийн 11 мэргэжлээр цогц сургалт явуулдаг.
Ражив Гандийн нэрэмжитҮйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь 1966 онд Уран сийлбэр, Уран баримал болон Монгол дарханы ангийг нээн хичээллүүлсэнээр Дүрслэх урлагийн салбарын суурь нь тавигдсан билээ.
Уран сийлбэрийн анхны багшаар Монгол улсын ардын зураач, Урлагийн гавъяат зүтгэлтэн, сийлбэрч Л.Чуваамид, Уран барималын багшаар Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, барималч Д.Дамдиймаа, Монгол дарханы багшаар Уран дархан Д.Нямхүү нар тус тус ажиллаж байжээ. Ахмад багш нарын маань тавьсан суурь өдий зэрэгт хүрснийг харахад таатай байна. Хойч үе нь болсон уран бүтээлчид энэ л сургуулиас урлагийн замаа анхлан тавьж, уран бүтээлийн гараагаа эхлэн, улам дэлгэрэн үргэлжилсээр байгаа нь бидний бахархал билээ.
Авьяас билгээ нээн хөгжүүлсэн, гоо зүйн өндөр мэдлэгтэй, үндэсний уламжлалаасаа суралцсан, бие даан ажиллах чадвартай, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн гаргахад манай дүрслэх урлагийн мэргэжлийн багш нарын маань гол зорилго оршдог.
Өнгөрсөн хугацаанд нийтдээ 1500 гаруй уран бүтээлч болон гоо зүйн мэдлэгтэй залуусыг бэлтгэн төгсгөжээ. Манай сургуулиас анхны гараагаа эхэлсэн үе үеийн шилдэг уран бүтээлчдийнхээ улс эх орныхоо соёл урлагт оруулж байгаа хувь нэмэр, амжилт бүтээлээр бахархаж, гоёж явдаг. Үүний тод жишээ нь манай төгсөгч Монгол улсын Төрийн сүлдийг зохиосон МУ-н Урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач Ц.Ойдов, Монголын дархчуудын холбооны тэргүүн, уран дархан Н.Ихтөр, МУ-н гавъяат сийлбэрч Г.Цогбаяр, ОХУ-н Репиний нэрэмжит Уран зургийн академийн багш Б.Отгонтүвдэн, уран бүтээлээрээ өөрсдийн өнгө аясаа олж танигдаж байгаа олон залуу уран бүтээлчид байдаг.
Дүрслэх урлагийн салбарт тодорхой байр суурь эзэлсэн уран бүтээлчдээрээ бахархаж, уран бүтээлүүдийг нь бахархан үзэж, хойч үеийн суралцагчиддаа үлгэр дууриал болж байгаа нь тус салбарын багш нарын зорилго багахан боловч биелж байна.
Өнөөгийн байдлаар мэргэжлийн анхан шат, техникийн боловсролын түвшинд сургалтын шаталсан хэлбэрээр сургалтаа явуулдаг.
Дүрслэх урлагийн дараахь мэргэжлүүдээр сургалт явагдаж байна.Үүнд:
а. Мэргэжлийн анхан шат /бүрэн дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн анхан шатны үнэмлэх /
1. Зураач чимэглэгч
2. Монгол дархан
3. Бэлэг дурсгалын урлаг
4. Уран сийлбэр
5. Үнэт эдлэлийн дархан
6. Орчны дизайн
7. Хэвлэлийн график дизайн
б. Техникийн боловсролын сургалттай ангиуд:
1. Үйлдвэрлэлийн график дизайн
2. Дотоод засал чимэглэлийн дизайн
3. Чимэглэх урлаг
4. Чимэглэх урлаг /үнэт эдлэлийн дархан/
Дүрслэх урлагийн салбарт нэрээ дуурсгасан олон уран бүтээлчид төрөн гарч, уран бүтээлүүд нь Монголын урлагийн сан хөмрөгт багтан дүрслэх урлагийг хөгжүүлнэ гэдэгт тус сургуулийн хамт олон итгэж байна.
Дүрслэх урлагийн мэргэжлийн төгсөгчдийнхөө бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн “Хүслийн жигүүр” үзэсгэлэнд хүрэлцэн ирж үзэж сонирхсон та бүхэнд баярлалаа.