“Шархад”-ны асрамжийн клиникт 23 хүүхэд эмчлүүлж байна

~”Шархад”-ны асрамжийн клиникт 23 хүүхэд эмчлүүлж байна~

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн асрамжийн клиникт өнөөдрийн байдлаар 23 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Ихэнх нь аав ээждээ гологдсон, нэр усгүй, хаяггүй хүүхдүүд ирдэг гэнэ.

Тус тасагт 10 гаруй жил хэвтэн эмчлүүлж буй хүүхэд ч бий, хамгийн бага нь нэг жил ч болж байгаа насанд хүрээгүй хүүхэд байна.

Асрамжийн албаны дарга Я.Сампил “Асрах төвөөс ирсэн хүүхдүүдийн ар гэрийнхнийг тогтоож болдоггүй. Зарим хүүхдүүдийн нэр ус, нас нь тодорхойгүй байдаг. Эдгээр хүүхдүүдэд хором мөч бүхэнд асаргаа сувилгаа шаардагддаг. Таван ээлжээр энэ улсуудад эмнэлгийн тусламж үзүүлж байна. Өөрийгөө асран хамгаалах чадваргүй хүнийг яаж асрах ёстой, эрүүл мэндийн стандартад яаж заасан байдгийг тэр хэмжээгээр хүмүүст асаргаа сувилгаа үзүүлдэг. Сүүлийн жилүүдэд ядуурал, ажилгүйдэл, архидалтаас үүдэлтэй төрлөхийн оюуны хомсдолтой хүүхдүүд нэмэгдэх хандлагатай байна. Төрлөхийн оюуны хомсдол, төрлөхийн бие сэтгэцийн доройтолтой хүүхдүүд эдгэрэхгүй. Олдмолууд эдгэрнэ, сайжрал аваад эмчийн хяналтан дор эмнэлгээс гарна даа” гэж ярьжээ.

TAGS: