Улаанбаатар хотоос Булган аймгийн Могод суманд зорчин ирсэн 3 иргэний нэг нь “Ковид-19”-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдаад байна.
Тус иргэд 2021 оны 03 дугаар сарын 21 –ны өдөр өглөө 10:00 цагийн орчим Могод суманд ирсэн бөгөөд мөн өдрийн орой 22:00 цагт Улаанбаатар хот руу буцсан аж.
Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн ОК-ын шуурхай штаб яаралтай горимоор хуралдаж Хариу арга хэмжээний 1 дүгээр багийг Могод суманд томилон ажиллуулж байна.
Тус хариу арга хэмжээний баг нийслэл Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн зорчсон маршрут, уулзсан иргэд, үйлчлүүлсэн дэлгүүр зэрэг ойрын хавьтал болох иргэдийн мэдээллийг тандан сумаас орж гарах хөдөлгөөнийг бүрэн хааж, ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.