“Бүргэдийн баяр-2019” арга хэмжээ Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг Саят толгой хэмээх газарт 2019 оны 10-р сарын 5, 6 өдрүүдэд боллоо. Энэхүү арга хэмжээнд Баян-Өлгий аймгийн 14 сумын 90 гаруй бүргэдчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаараа өрсөлдөн оролцлоо.
Баян-Өлгийн аймгийн Засаг даргын тамгын газар, БОАЖЯ, Бүргэдийн холбоо энэхүү арга хэмжээг хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж байна. Бүргэдийн баяраар бүргэдээ биедээ дасгасан байдал, ан агнахад сургасан байдлаар өрсөлдөж байна. Энэ үеэр казах түмний үндэсний тоглоом болох мөнгө шүүрэх, тулам булаалдах, хүүхэн хөөх уралдаан болж байна. 2018 онд гаднын 1000 орчим жуулчин энэхүү арга хэмжээг ирж сонирхож байсан бол энэ жил 2200 гаруй жуулчин ирж, казах түмний шувуучлах ан агнуур, соёл уламжлалтай танилцсан юм.
Шувуулахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн улс орон бол Монгол Улс юм. Баян-Өлгий аймагт тэжээгдэж буй бүргэдийн 70 гаруй хувь нь 1-4 настай байдаг ба тэднийг 5-6 нас хүрмэгц байгальд эргүүлэн тавьдаг байна. Энэ нь бүргэдийн нөхөн үржих, тоо толгой өсөн нэмэгдэхэд ихээхэн ач холбогдолтой байдаг гэж үздэг. Бүргэд 2500-3000 метр өндрөөс хулгана, зурам зэрэг жижиг амьтдыг харах хурц хараатай бөгөөд голдуу үнэг, хярс, туулай, тарвага зэрэг амьтдаар хооллож, дунджаар 30-50 жил насалдаг байна.
Бүргэдээр ан хийх нь амьдрал ахуйн хэрэгцээг хангах төдийгүй, бас уламжлалт зан үйл, баяр наадам, уралдаан тэмцээнийг илүү сонирхолтой болгодог юм. Бүргэдийг барьж гэршүүлэхийн тулд, дэгдээхэй байхад нь барьж авах, зэрлэг бүргэдийг барьж гаршуулах гэх хоёр аргыг хэрэглэдэг ба бүргэдээр ан хийж гаршуулан сургахад нарийн арчилгаа, маш их хичээл зүтгэл шаарддагаас гадна, бүргэдийн хөлийн уяа, нүдний даруулга, суурин суудал, ац тулгуур, арьсан бээлий, тэжээлийн уут, аяга таваг зэрэг тусгай зориулалтын хэрэглэлүүд заавал байх шаардлагатай байдаг байна.