“Ерөнхий боловсролын сургуулийн жишиг загварын суурь хэв шинжийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь” судалгааны ажил амжилттай явагдаж байна

“Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-аас “Ерөнхий боловсролын сургуулийн жишиг загварын суурь хэв шинжийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь” судалгааг 2019.10.07-нд эхлүүлсэн. Судалгааны явц одоогийн байдлаар 93%-ийн гүйцэтгэлтэй явж байгаа юм байна.  

Тэгвэл бид энэ удаа тус судалгааны багийн судлаадчидтай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Та судалгааны багийг хэрхэн бүрдүүлсэн болон багийнхаа онцлог давуу талыг нэрлэнэ үү.

“ЗСДС” ТББ-ын судлаач Л. Долгор

ЗСДС болон ТУС Солюшн ХХК хамтран зохион байгуулдаг нийгмийн нэгж системийн инженерчлэлийн энэ удаагийн судалгаанд 18-38 насны 18 судлаач оролцож байна. Судалгааны баг нь боловсрол судлал, багш, сэтгэл судлаач, нийгмийн ажилтан, философич, эдийн засаг, бизнесийн удирдлага гэх мэт 15 мэргэжлийн төлөөлөл бүхий олон мэргэжлийн баг юм. Залуу судлаачид маань өөрийн мэргэжлийн чиглэлээр судалгааны ажлын туршлагатай, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай хамааралтай ажил эрхэлдэгээс гадна нийгмийн нэгж системийн инженерчлэлийн арга зүйд суралцан өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ нийгэмд үнэ цэнэ бүтээх зорилгоороо баг болон нэгдсэн онцлогтой. 

Таны ерөнхий боловсролын сургуулийн жишиг загвар боловсруулах судалгаанд оролцох болсон зорилго, хүлээлт юу байсан бэ?

“Ажилчин залуучуудын ээлжийн сургууль”-ийн захирал Г. Түвшинжаргал 

Юуны түрүүнд энэ салбарт ажилладаг хүний хувьд судалгааны сэдэв анхаарал татсан. Нөгөө талаасаа шинэ төрлийн судалгааны аргазүй сурах сайхан боломж байна гэж харж судалгааны багт ажиллах сонгон шалгаруулалтанд оролцож ажилласан. ЕБС-ийн жишиг гэж хүлээн зөвшөөрөгдөж болохуйц нэгэн загвартай болгох юм байна гэж харсан энэ хүлээлтээ ч давуулан биелүүлж чадсан.

 

Судалгааны явцад шинээр сурсан болон ахиулсан ур чадвар юу байв? Танд ямар ач холбогдолтой байсан бэ?

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн судлаач Э. Тунгалаг

“Судалгааны явцад буюу 3 сарын хугацаанд логик болон системийн сэтгэлгээний онолын анхан шатны мэдлэг эзэмшсэн. ТУС загварын шийдэлтэй танилцаж, системийн шинжилгээг судалгааны ажилд хэрхэн ашиглаж болох талаар ойлголттой болсон бөгөөд цаашид гүнзгийрүүлэн судалж өөрийн судалгааны ажлуудад системийн сэтгэлгээний хандлага, аргачлалуудаас ашиглах боломж байгааг олж харсан. Аливаа нийгмийн нэгж системд суурь ойлголт хэр чухал болох, системийн оролцогч талууд нэгдсэн ойлголттой байж, систем тогтвортой хөгжих нэг үндэс нь суурь ойлголтуудыг зөв тодорхойлохоос эхэлдэг болохыг ойлгосон.

Судалгааны арга зүй, зохион байгуулалтын онцлог давуу тал юу байсан бэ?

“МУБИС-ын Боловсрол судлал”-ын IV курсын оюутан Г. Нандин-Эрдэнэ

“Судалгааны арга зүйг заавал асуулга, ажиглалт, ярилцлага гэх мэт аргаар хийх ёстой гэж боддог байсан. Гэвч энэхүү судалгаа төсөөллөөс огт өөр байсан. Хоёрдогч мэдээлэлд тулгуурлан ТУС загвараар хийх нь судалгааг хийх өөр аргад сургасан нь маш том давуу талтай. Зохион байгууллалтын хувьд нэг судлаач удирдаж чиглүүлэх нь судалгааны багийн гишүүн миний хувьд их амар байсан. Хэн юу хийх, тухайн 7 хоногт ямар мэдээллүүдийг дуусгах ёстой гэх зэрэг чиглүүлэх нь бусад судалгааны ажлуудаас онцлог байсан. 

Судалгааны зохион байгуулалттай холбоотойгоор сайжруулах санал байсан уу? 

“АШУҮИС-ийн НЭМС”-ийн багш Г. Золжаргалан 

 

Судалгаанд тоймлох эх сурвалжуудыг юуны түрүүнд чанараар нь эрэмбэлж, дүн шинжилгээ хийх, даалгавар гүйцэтгэхэд зориулсан бичмэл удирдамж, танилцуулгыг бэлдэж тараах, хүн бүрийн суралцах, аливааг эзэмших арга барил өөр гэдгийг хүлээн зөвшөөрч, ойлгох тал дээр анхаарах хэрэгтэй мэт санагдсан.

 

Та сурсан мэдлэг, ур чадвараар өөрийн өдөр тутмын ажил, амьдралдаа хэрэглэж байна уу?

“Философич, ХААИС”-ийн багш Г. Уянга 

Хамтарсан судалгааг хэрхэн хийж болох талаар өвөрмөц төсөөлөл, арга техникт суралцсан. Түүнийгээ дараа дараагийн ажлын хэсэгт ажиллах, судалгааны багт ажиллахдаа хэрэглэж эхэлсэн. Тухайлбал, ХААИС-ийн сургалтын бодлого зохицуулалтын албанаас томилогдсон ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна. Энэ хүрээнд шинэ оюутны хөгжил чадамжийг ямар хэмжүүр/шалгуураар тодорхойлж болохыг судлахдаа “Залуу судлаач сангийн судалгаа”-ны явцад суралцсан мэдлэг, чадвараа ашиглаж байна. 

Танд нэмж хэлэх зүйл байвал хэлнэ үү?

“Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” ТББ-ын судлаач А. Халиунаа

 

2 сар хагасын хугацаанд хамтарч ажиллахад таатай байлаа. Судалгааны баг болон Залуу судлаачдыг дэмжих сангийн ажиллах зарчим их таалагдсан. Судалгаа хийх шинэ сонирхолтой аргачлалтай танилцсандаа баяртай байгаа. Баярлалаа.

 

 

Бидэнтэй ярилцаж цаг гаргаж судалгааны талаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн та бүхэнд маш их баярлалаа. Нийгэмд үнэ цэнэ бүтээхээр хичээнгүйлэн ажиллаж байгаа танай хамт олонд амжилт хүсэе. 

TAGS: