Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн шав тавих ёслол Налайх дүүрэгт боллоо.
Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх,
“Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш нийслэл рүү түүхий нүүрс тээвэрлэхийг хориглосон. Засгийн газрын гишүүд нийслэлийн гэр хороололтой танилцан, хотын дээгүүр нисдэг тэргээр ниссэн. Гэр хороолол маш том газрыг эзэлсэн байсан. Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр анх удаа хангах ажил амар байсангүй. Хүний амь ч үрэгдлээ. Гэхдээ бид эхлүүлсэн ажлаасаа ухраагүй. Шахмал түлш хэрэглэснээр бид энэ өвөл утааг 50 хувиар бууруулж чадлаа. Цаашид дахин бууруулна. Хоёр дахь үйлдвэр ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Одоогийн шахмал түлшний үйлдвэрийн түүхий эдийг Өмнөговь аймаг дахь Ухаа худгийн уурхайгаас авто замаар тээвэрлэж байна. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орсноор түүхий эдийг төмөр замаар тээвэрлэх боломжтой болно” гэлээ.
Мөн сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор Налайх дүүрэгт л гэхэд 1500 гаруй шууд ажлын байр шинээр бий болж, иргэдийн ажил амьдралд томоохон хувь нэмэр оруулах юм. Түүнээс гадна нийслэлийн агаарын бохирдол 70-80 хувь буурах тооцоо гарсан гэдгийг Ерөнхий сайд онцолж хэлэв.
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих газрыг сонгохдоо төмөр зам, авто зам, цахилгаан сүлжээ, эдийн засгийн тооцоо судалгаанд үндэслэжээ. Жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэрийн барилга, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм байна.
Түүнчлэн шинээр барих үйлдвэр жилд 600 мянган тонн тортог бохирдол багатай, стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн есөн дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэгчдийн үлдсэн 50 хувийг бүрэн хангаснаар 2020-2021 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг одоогийн байгаа дээр нэмээд 20-30 хувиар бууруулах боломжтой аж.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс