Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ. /2020-04-20/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 19-нд буюу өчигдөрМонгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Сайн мэдээ дуулгахад ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүн эдгэрч, дараагийн тусгаарлалтад шилжлээ. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Зарим нь сайжирч байна. Хэд хэдэн хүн уушгины хатгаатай байгаа. Эмч нар хяналт, шинжилгээгээ үргэлжлүүлж байна.
Өчигдөр хоёр лабораторид 76 хүний шинжилгээ хийгдсэн. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 4 хүнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнээс шинжилгээ авахад нэг хүнээс коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн иргэн нь ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн Төмөр замын дээд сургуулийн оюутан. Ингэснээр 33 дахь тохиолдол бүртгэгдлээ” гэсэн мэдээллийг өглөө.
Ингээд нийтдээ Монгол улсад КОВИД-19 халдварын батлагдсан тохиолдол 33 болж нэмэгдлээ.