2019-10-11

Маргааш бүх нийтээр МОД ТАРИХ өдөр

mod-tarih
Маргааш бүх нийтээр МОД ТАРИХ өдөр

“Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг аравдугаар сарын 12, 13-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Намрын мод тарих өдрийг угтаж “Тарьц, суулгац-2019” үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төвөөс Барилгачдын талбайд аравдугаар сарын 18-ныг дуустал зохион байгуулж байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өмнө нь мод тарьсан иргэд, байгууллагууд аравдугаар сарын 12-ны өдрийн Бямба гарагт 11:00 цагаас хүрз, хувинтай очиж, тарьсан моддоо арчлах боломжтой юм.

Мөн Нийслэлийн Байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газар хамтран Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс дэх 100 га талбайн ойжуулалтын ажлыг 11:00 цагаас, Дээндийн амны ойн цэвэрлэгээний ажлыг 13:00 цагаас хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна.

2018 оноос эхлэн нийслэлийн есөн дүүрэгт хортонд идэгдсэн, түймэрт өртсөн, мод тарих боломжтой 1884 га талбайн байршлыг урьдчилан төлөвлөж, өөрсдийн хөрөнгөөр дээрх газруудад мод тарих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулах замаар таримал ойг улсын санд хүлээн авах шинэ менежментийг хэрэгжүүлж байгаа тул дээрх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой иргэд, байгууллагууд Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтэст хандахыг хүсье.

Сүүлийн үед хүрэн баавгай зэрэг зэрлэг амьтад хот суурин газарт орж ирэх тохиолдлууд нэмэгдэж байгаа тул дээрх арга хэмжээнүүдэд оролцох болон ногоон бүсэд зорчих бол аюулгүй байдлын зөвлөмжийг мөрдөж, тогтоосон зам маршрутаас өөр газраар ганцаараа зорчихгүй байхыг анхааруулж байна.