2020-01-03

“МИАТ”-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр мэндчилгээ дэвшүүллээ

Battor
“МИАТ”-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн цахим хуудсаар хамт олныхоо нэрийн өмнөөс эрхэм Таньтай мэндчилж байгаадаа баяртай байна.

1956 оны 6 дугаар сарын 1-нд Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч 1956 оны 7 дугаар сарын 7-ны өдөр буюу Ардын хувьсгалын 35 жилийн ойн өмнөхөн Бөхөг цагаан толгойгоос Ховд, Хөвсгөл, Дорнодын чиглэлд “АН-2” агаарын хөлгөөр зорчигч шуудан тээврийн анхны тогтмол нислэг хийж эхэлсэн нь өнөөгийн Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн түүхийн эхлэл байсан юм.

62 жилийн түүхтэй “МИАТ” ТӨХК Олон улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/ болон Монгол Улсын ИНЕГ-аас тавьж байгаа аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог /SMS/ амжилттай хэрэгжүүлж, компанийн аюулгүй ажиллагааны түвшинг тодорхой бодит үзүүлэлтүүдээр ханган ажиллаж ирсэн. Тухайлбал, Олон улсын агаарын тээврийн байгууллагын /IATA/ “IOSA” болон “ISAGO” аюулгүй ажиллагааны гэрчилгээжих аудитын шалгалтуудад удаа дараа өндөр амжилт үзүүлэн ажиллаж байна. Мөн www.airlineratings.com сайт манай компанийн аюулгүй ажиллагаанд хамгийн өндөр буюу долоон одны үнэлгээг өгсөн. Ийнхүү МИАТ компани олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг агаарын тээвэрлэгч болохоо дахин баталж чадлаа. Цаашид бид бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд SkyTrax байгууллагаас олгосон 3 одны зэрэглэлээ 2020 онд 4 болгон нэмэгдүүлэх зорилт тавиад байна.

Агаарын тээвэр нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэх гол хөшүүргүүдийн нэг билээ. Энэ утгаараа нислэгийн сүлжээгээ улам бүр өргөжүүлэн ойрын ирээдүйд ашигтай, үр дүнтэй шинэ нислэгийн чиглэлүүд бий болгохоор төлөвлөн ажиллаж байна.

~“МИАТ”-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр мэндчилгээ дэвшүүллээ~

Манай улс Европ, Азийг холбосон чухал зангилаа цэг дээр байршилтай хэдий ч далайд гарцгүй, дэлхийн хөгжиж байгаа 32 орны нэг билээ. Иймд “МИАТ” ТӨХК газар зүйн байрлал болон өндөр түвшинд бэлтгэгдсэн чадварлаг нисгэгч, инженер техникийн ажилтнууд дээрээ тулгуурлан цаашид Ази, Номхон далайн бүс нутгийн иргэний нисэхийн салбар төдийгүй улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсаар байх болно. Иймд бид салбарын сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн нислэгийн аюулгүй ажиллагааг эрхэмлэж, Азийн болон Евро-Азийн бүс нутгийн агаарын тээврийн зах зээлд нээлттэй, өөрийн гэсэн байр суурь, өрсөлдөх чадвар бүхий олон улсын хөгжингүй агаарын тээвэрлэгч болох стратегийн зорилт тавин ажиллаж байна.

“МИАТ” ТӨХК агаарын хөлгийн парк шинэчлэлтээ сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий хөлгүүдээр шийдэж байна. Тухайлбал 2019 оноос Боинг компанийн “Б737-8 Макс” загварын цоо шинэхэн агаарын хөлгүүдээр зорчигчиддоо үйлчилж эхэлнэ. МИАТ компани техникийн боломжийн хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлж, нислэгийн шинэ чиглэл нээхэд агаарын хөлгийн парк хангалттай боломжтой байгааг хэлэхэд таатай байна.

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийг сонгон үйлчлүүлдэг эрхэм Таньд хамт олныхоо нэрийн өмнөөс дахин талархалаа илэрхийлье.

Та бүхний аян зам өлзийтэй байх болтугай.