2021-04-29

“Нэг өрх-нэг мод” аян хэрэгжинэ

НИТХ-ын ээлжит VI хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Тэрбээр агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах зорилт тавин ажиллаж байгааг онцолж, мөн дулаан алдагдал, хатуу түлшний хэрэглээг бууруулах, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн олноор байгуулахаар зорьж байгаагаа танилцуулав.

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд удаан насжилттай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлах, шатахууны стандарт мөрдүүлэх гэх мэт ажлыг хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн газрын гүний дулааныг ашиглах технологи нэвтрүүлэхээр судалж байна. Өнгөрсөн 2019-2020 онд нийслэлийн иргэд 446631 тонн шахмал түлш хэрэглэсэн бол 2020-2021 онд энэ тоо 704634 тонн болж, нэмэгджээ.

Энэ нь Засгийн газраас сайжруулсан шахмал түлшийг хөнгөлөлттэй үнээр борлуулж эхэлсэнтэй холбоотой юм. Мөн шахмал түлшний тээвэр хийдэг 22 компани байсныг 37 болгон нэмэгдүүлж, тэдгээр тавих шаардлагыг багасгасан байна.

Түүнчлэн “Нэг өрх-нэг мод” аяны хүрээнд 100 хороонд 37 мянган мод, тарьц, суулгац, шаардлагатай шороо зэргийг өгнө. Арчилгааг иргэд өөрсдөө хариуцах юм. НИТХ-ын төлөөлөгчдийн хувьд хяналтын 4500 гаруй байцаагчийн тоог цөөрүүлж, технологийн дэвшил ашиглах, долоон хоногт олгодог зургаан шуудай шахмал түлшний тоог нэмэгдүүлэх санал, хүсэлт хэлжээ.