Монгол Улсын Засгийн газар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоол гаргаж ОХУ-д ажиллаж, суралцаж, амьдарч байгаа иргэдэд цаг алдалгүй мэдээлэх шаардлагатай дараах зохицуулалтыг хийсэн байна.
Үүнд,
• Оросын Холбооны Улсаас ирэх Монгол Улсын иргэдийг 2020 оны 3 дугаар сарын сарын 23-ны өдрийн 20:00 цагаас 3 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд зөвхөн Алтанбулаг боомтоор улсын хилээр нэвтрүүлэх.
• Монгол, Оросын хилийн авто зам, төмөр зам болон агаарын замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоохоор болсон байна.
Иймд иргэд та бүхэн нутаг руугаа буцахаар төлөвлөж байгаа бол 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөрт багтан Алтанбулаг боомтоор улсын хил нэвтэрсэн байхыг анхааруулж байна.
МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС