2020-05-15

Сайн дураар даатгуулагчид “Нийгмийн даатгал“ аппликейшнд хандан гэрээ байгуулж, сунгадаг болно

Сайн дураар даатгуулагчид “Нийгмийн даатгал“ аппликейшнд хандан гэрээ байгуулж, сунгадаг болно

Нийгмийн даатгалын ерөнхий газар Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн иргэдэд цахимаар үйлчлэх чиглэлийг бүх аймаг, дүүргийн харьяа байгууллагууддаа өгсөн. Өдгөө даатгуулагч, ажил олгогч нар нийгмийн даатгалын архивын лавлагаа, шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг өөрт ойр байрлах ТҮЦ машинаас эсвэл гэрээсээ ч хэвлэн ашиглах боломжтой болсон.

Мөн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, хугацаа сунгах зэрэг олон үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр цахим хэлбэрээр үзүүлж байна. Үүнээс гадна иргэд болон ажил олгогч нар нийгмийн даатгалын мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээг заавал хэлтэс дээр биечлэн очилгүй НДЕГ-ын www.ndaatgal.mn албан ёсны цахим хуудас, 77771289 лавлах утас, Нийгмийн даатгалын мэдээлэл зөвлөгөө фэйсбүүк хуудас зэрэг олон сувгаар авах боломжтой.

Тэгвэл 180 мянга гаруй сайн дураар нийгмийн даатгалд даатгуулагч гэрээ нь дуусах болон гэрээндээ өөрчлөлт оруулах шаардлага гарахад дүүргийнхээ нийгмийн даатгалын байгууллага руу биечлэн очдог байсныг “Нийгмийн даатгал” гар утасны аппликейшнаар дамжуулан бүрэн халах гэж байна.

Тодруулбал, сайн дурын даатгуулагчид төлбөр төлөх нөхцөлөөсөө шалтгаалаад гэрээгээ жилээр, хагас жилээр, гурав, нэг сараар хийдэг. Ийн иргэд дээрх хугацааны зайтай заавал нийгмийн даатгалын хэлтэс рүү биечлэн очих ёстой байв. Тэгвэл энэ хүндрэл чирэгдэл арилж, шимтгэлээ төлсөн тохиолдолд цахимаар гэрээ байгуулах, гэрээний нөхцөлөө өөрчлөх, сунгах нөхцөл бүрдлээ.

~Сайн дураар даатгуулагчид “Нийгмийн даатгал“ аппликейшнд хандан гэрээ байгуулж, сунгадаг болно~

Мөн гадны орон ажиллаж, амьдарч буй сайн дурын даатгалд хамрагддаг иргэд заавал Төрийн банканд данстай, энэ дансандаа мөнгө байршуулж төлбөрөө төлснөөр онлайнаар гэрээгээ сунгадаг байсан. Тэгвэл тухайн иргэд ч мөн “Нийгмийн даатгал” гар утасны аппликейшн, ndaatgal.mn веб хуудсаар нэвтэрч гэрээ байгуулах, сунгах, төлбөр шимтгэлээ төлөх боломж бий боллоо.

Нийгмийн даатгалын үндсэн үйл ажиллагааны нэг нь тэтгэвэр тогтоох, олгох ажил. Тэгвэл иргэд “Нийгмийн даатгал” аппликейшнаас 2006 оноос хойш ямар байгууллагад хэдэн төгрөгийн цалинтай ажилласан, хэдэн төгрөгийн шимтгэл төлсөн бэ гэдгээ харах боломжтой. Түүнчлэн тэтгэвэр тогтоолгосон иргэд тэтгэврийнхээ түүхтэй холбоотой бүх мэдээллээ, даатгуулагчид нэрийн дансныхаа бүх мэдээллийг авах боломжтой. Үүнээс гадна зөвхөн өөрийн нийгмийн даатгалын мэдээллээс гадна нийгмийн халамжийн салбарт ямар хууль эрх зүйн өөрчлөлт бий болж байгаа талаар салбарын мэдээллийг харж болно.

Дээрх хөгжүүлэлт, шинэчлэлийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Мэдээллийн технологийн төвийн захирал Г.Хүрэлбаатараас тодруулахад,

“Нийгмийн даатгал“ гар утасны аппликейшн гараад жил хагас гаруйн хугацаа өнгөрч байна. Одоогийн байдлаар 150 мянга гаруй хүн ашиглаж байгаа. Иргэдийн хэрэглээнд ойр болгохын тулд тогтмол өөрчлөлт, сайжруулалт хийгдсээр байгаа. Энэ сардаа багтаад веб хуудас болон гар утасны аппликейшнаас сайн дурын даатгуулагчийн гэрээ хийдэг, сунгадаг мөн даатгалын шимтгэлийн төлбөрөө төлдөг болгох ажлыг нэвтрүүлнэ” гэлээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газар 2018 онд хэд хэдэн томоохон ажил эхлүүлсний нэг болох “Нийгмийн даатгал” аппликешныг одоогоор 150 мянган хүн ашиглаж байна. Энэ аппликейшныг ухаалаг утастай хүн бүр татаж аваад ашиглах боломжтой. Гэхдээ гар утасны аппликейшнээр дамжуулдаг мэдээлэл хувь хүний нууцтай холбоотой учир иргэд утсандаа аппликейшн суулгасныхаа дараа эрхээ баталгаажуулахын тулд анхандаа заавал биечлэн хандаж, нэвтрэх кодоо нийгмийн даатгалын байгууллагаас авч бүртгүүлдэг байсан. Харин өнгөрсөн оноос нэвтрэх код, нууц үгийг цахимаар олгодог болсон.