2020-08-06

САЙН МЭДЭЭ: Байгаль хамгаалагчид тохилог сууцтай боллоо

hustain-nuruu-baigali-hamgaalgch-oronsuuts
Байгаль хамгаалагчид тохилог сууцтай боллоо

Монгол Улс, ХБНГУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголт, Зээлийн банк (KfW)-аар дамжуулан БОАЖЯ-тай хамтран “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг хэрэгжүүлж байна.

Энэ төслийн хүрээнд Хустайн нурууны байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагчид, судлаачдын ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор 16 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, оршин суугчдад түлхүүрийг нь гардуулан /2020.08.04/ өглөө.

Уг арга хэмжээнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын Сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Н.Энхболд зэрэг албаны хүмүүс оролцов.

Ургамал судлаач бүсгүй,

Анх энд ирээд модон амбаарт амьдарч байлаа. Дараа нь гэрт амьдардаг болсон. Өнөөдөр ийм сайхан хоёр өрөө байранд орсондоо туйлын баяртай байна. Олон жилийн нөр их хөдөлмөрийн минь шагнал энэ байх. Манай гэр бүлийн хүн энд ажилладаг. Өмнө нь бид хоёр энд, хүүхэд маань эмээ, өвөөтэйгээ амьдардаг байсан бол орон сууцтай болсон тул ээжтэйгээ, хүүтэйгээ, ханьтайгаа бүгд хамтдаа аз жаргалтай амьдарч байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

~Байгаль хамгаалагчид тохилог сууцтай боллоо~

Хустай нуурын байгалийн цогцолбор газрын 50,6 мянган нутагт 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг ургадаг, халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гархай, аргаль хонь, янгир ямаа, монгол тарвага, саарал чоно, шилүүм мий, мануул мий, шао үнэг, хярс үнэг, халздай дорго зэрэг 55 зүйл хөхтөн амьтад, нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүтээхэй зэрэг 223 зүйл шувуу, 16 зүйл загас, 2 зүйл хоёр нутагтан, 365 зүйл шавьж, түүний дотор 21 зүйл шоргоолж, 55 зүйл булцуу сахалт эрвээхэй, 10 зүйл голио, 29 зүйл царцаа бүртгэгджээ. Мөн урьд өмнө дэлхийд тэмдэглэгдээгүй байсан нэгэн зүйл хөрсний шавьж Хустайгаас шинээр олдож Epidamaeus khustaiensis хэмээн нэрлэгдсэн байна. Эдүгээ манай дэлхийд үлдсэн цорын ганц зэрлэг адуу тахийг сэргээн нутагшуулах ажил 1992 онд эхэлж, Хустай байгалийн цогцолбор газар одоо дэлхий дээрх хамгийн олон тахьтай газар болоод байна.

Хустайн нурууны байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагч, судлаачид

Монгол Улсад нийт 34 тусгай хамгаалалттай газрын захиргаа байдгаас дөрөв нь улсын санхүүжилтгүйгээр бие даан үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг нь Хустайн нурууны байгалийн цогцолборт газар юм. УИХ-ын 1993.11.12-ны өдрийн 83 дугаар тогтоолоор Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтад авч, 1998 онд зэрэглэлийг ахиулан байгалийн цогцолборт газар болгосон.

Улсын хэмжээнд 1000 гаруй байгаль хамгаалагч ан амьтан, байгалийн үзэсгэлэнт газруудыг хамгаалан ажиллаж байна.

Эх сурвалж: БОАЖЯ